Бразилын ерөнхийлөгчийн Хятадын даргатай хийсэн гурван цаг гаруй болсон яриа хэлэлцээнд Украины дайны асуудал багтсан. Ингэхдээ хоёр удирдагч дайныг яриа хэлэлцээний арга замаар л дуусгах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Бразилын ерөнхийлөгч дайнтай байгаа Орос, Украины хооронд энхийн хэлэлцээ эхлүүлэхийг АНУ болон Европын холбоонд уриаллаа. Бразил, Хятад зэрэг хөгжиж байгаа улсууд энх тайван тогтооход зуучлая гэдэг энэ санал бол Лулагийн Хятадад хийсэн айлчлалын нэг чухал хэсэг нь боллоо.
Хоёр тал дайныг энхийн замаар зогсоох бүх талын хүчин чармайлтыг дэмжиж, хамтын хүчин чармайлт гаргаж байгаагаа Бээжинд хийсэн хэлэлцээний үеэр тэмдэглэлээ. Мөн Украины дайныг улс төрийн арга замаар зогсооход илүү олон улс орон оролцож, илүү үүрэгтэй тоглох шаардлагатай, энэ чиглэлээр харилцаа холбоогоо хадгална гэдгээ Ши, Лула нар харилцан тохирсон байна.
Лула да Силва 2003-2011 оны хооронд Бразилын төрийг удирдахдаа улс орныхоо байр суурийг олон улсын тавцанд гаргаж ирж, ихээхэн идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлж байсан. Хятад улс Бразилыг бүс нутагтаа интеграцичлах үйл явцыг урагшлуулах, олон улсын талбарт билүү үүрэгтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Тухайлбал Бээжин НҮБ, БРИКС, 20-ийн бүлэг зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд олон улсын нийтлэг ашиг сонирхлын асуудлууд дээр Бразилтай стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэхэд илүү нээлттэй хамтрах сонирхлоо ч илэрхийллээ. Лула да силва БНХАУ-д бизнес худалдааны гээд өргөн бүрэлдэхүүнтэй айлчлалаа өндөрлүүлээд, Арабын нэгдсэн Эмират улсыг зорилоо.
MNB.MN