ОХУ-ын ерөнхийлөгч асан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев сүүлийн үед хурц, түрэмгий мэдэгдлүүдээрээ олны анхаарал татдаг болоод байгаа.
Тэгвэл тэр бямба гаригт ээлжит дуулиант мэдэгдлээ сошиал хуудсаараа цацсан байна.
“Яагаад Украин улс оршин тогтнох шаардлагагүй вэ? Учир нь энэ улс хэнд ч хэрэггүй болсон” гэсэн гарчигтай Медведевийн мэдэгдэл зургаан хэсгээс бүтжээ.
Тэрбээр Украин улс оршин тогтнох нь Европ, АНУ, Африк, Латин Америк, Ази, ОХУ болон Украины ард түмэнд ямар хор уршигтай талаар тус тусад нь тайлбарлан бичсэн байна.
Тухайлбал Украины дайны улмаас Европ тив санхүү, улс төрийн гүн хямралд унаад байгааг, хаана байдгийг нь ч мэдэхгүй улсыг дайнд дэмжиж байгаагийн үр дүнд америкчуудын дунд бухимдал эрчимжиж, АНУ-ын улс төрийн систем нуран унахад ойрхон болоод байгааг тэр тайлбарлан бичжээ.
“Жирийн Америк хүмүүс үнэндээ Украин гэж юу болох, хаана байдгийг огт мэдэхгүй. Тэдний олонх нь газрын зураг дээр Украиныг зааж чадахгүй” гэж Медведев бичсэн байна.
АНУ-ын засаг захиргаанаас Украиныг дэмжихэд зарцуулж буй хөрөнгө мөнгийг Латин Америк, Африкийн ядуу буурай орнуудын хөгжил цэцэглэлтэд зарцуулсан бол томоохон ахиц дэвшил гарахыг тэр бас тайлбарлажээ.
Медведев цааш нь бичихдээ Украины асуудал дээр Оросыг дэмжихгүй бол дараагийн ”өнгөт хувьсгалууд” өөрийг нь удахгүй чиглэн ирэхийг Азийн орнуудад анхааруулсан байна.
Тэрбээр эцэст нь Украиныг Зөвлөлт Холбоот Улс задрах үеэр гарсан алдааны үр дүнд бий болсон улс гэж нэрлэжээ.
Украины 45 сая хүн амын 20 сая гаруй нь эх орондоо үлдсэн ч байнгын айдас түгшүүр дор амьдарч, гадагшаа дүрвэхэд бэлэн байгаа нь энэ улс оршин тогтнох шаардлагагүй болсны нэг шалтгаан гэж тэр үзсэн байна.
“Ийм Украин улс энэ дэлхий дээр хэнд ч хэрэггүй. Тийм учраас оршин тогтнох шаардлагагүй юм” гэж ОХУ-ын экс ерөнхийлөгч Телеграмм хуудсандаа дүгнэн бичжээ.
iKon.mn