BRICS /БРИКС/ нэгдлийн орнуудын үүсгэн байгуулсан Хөгжлийн шинэ банкны ерөнхийлөгчөөр Бразилийн ерөнхийлөгч асан Дилма Русефыг томилсон тухай BRICS санхүүгийн байгууллагын сайт мэдээлжээ.
Хөгжлийн шинэ банкны удирдлагын зөвлөл санал нэгтэйгээр хатагтай Дилма Вана Русефыг банкны ерөнхийлөгчөөр баталсан байна.
"Ерөнхийлөгчийг сонгох ажиллагаа ба Хөгжлийн шинэ банкны гэрээний заалтын дагуу шийдвэр шууд хэрэгжиж эхэлнэ" гэж мэдэгдэлд өгүүлжээ. Өмнө нь энэ тушаалд Бразилийн өөр төлөөлөгч Маркос Прадо Тройхо ажиллаж байсан юм.
Хөгжлийн шинэ банкыг 2014 онд уг нэгдлийн орнууд болон зах зээлийн эдийн засагтай хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжил болон дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх зорилгоор байгуулж байжээ. Хөгжлийн шинэ банк 2021 онд өөрийн эгнээнд Бангладеш, Египет, АНЭ, Уругвайг элсүүлсэн байна.
Дилма Русеф 2011-2016 онуудад Бразилийн Ерөнхийлөгч байсан ба Petrobras нефтийн компанийн хэрэгт түүнийг холбогдуулан улсын мөнгөөр санхүүгийн залилан хийсэн гэж импичмент зарлан огцруулсан байдаг.
М.ЦОГТ