Даваа гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Кремльд хүлээн авч 4, 5 цаг орчим албан бус уулзалт хийлээ. Гэхдээ тэр үйл явдалд барууны олон хэвлэл өөрсдийн мэдээ материалыг зориулжээ.
Хятадын лидер өөрийн айлчлалаар Украины сөргөлдөөнд нөлөөлөн дайныг энхийн байдлаар төгсгөхийг хүсч байна хэмээн Financial Times сонин бичив.
"Ши Орост хийж байгаа төрийн айлчлалаар Путинтэй нөхөрлөж байгаагийн хил хязгаараа шалгана. Хятадын лидер энхийг бүтээх эрх мэдлээ тогтоон Европтой харилцаагаа тогтворжуулахыг хүсч байна" гэж уг сонин онцлов.
Харин Politico сонин Ши БНХАУ-ын даргаар сонгогдсоны дараах анхны айлчлалаа Орост хийснийг онцлов. Тэд янз бүрийн сэдвээр ярилцсан ч Хятадын лидер ирэх жилийн сонгуулийн амжилтыг Путинд хүсэв.
Францын BFM TV хоёр лидерийн уулзалтыг Орос-хятадын найрамдлын тухай баруунд өгч буй дохио сануулга гэжээ.
Германы ZDF телевиз онцлон Ши Жиньпины хэлсэн үгийг иш татан өнөөгийн олон улсын учир байдлаас үл хамааран Хятад Оростой хамтын ажиллагааг өргөжүүлж байна гэв. Хятад Оросын талд хатуу зогсоход бэлэн байна хэмээн уг телевизээр ярьжээ.
Америкийн NBC телевиз, Ши Жиньпины айлчлал нь нэн ялангуяа Олон улсын Эрүүгийн шүүхээс Путиныг баривчлах ордер өгсөнтэй холбогдуулан түүнд дэмжлэгээ харуулж байгаа хэрэг гэжээ.
Шигийн Москвад хийж буй айлчлал нь түүнийг дипломат нөлөөгөө дэлхийд нэмэгдүүлэхэд чухал үйл явдал гэж CNN мэдээлжээ.
М.ЦОГТ