Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) шүүхийн өмнөх мөрдөн байцаалтын танхимаас ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинг баривчлах шийдвэр гаргасан. Тэгвэл ОХУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах бүрэн эрхт төлөөлөгч Мария Львова-Белова тайлбар өгчээ.
"Орос улс хүүхдүүдэд туслах, тэднийг байлдааны бүсэд үлдээхгүй байхыг хичээж тэднийг тэндээс зөөж, халамжтай хүмүүсээр хүрээлүүлж байгаа. Энэ ажлыг олон улсын хамтын нийгэмлэг ингэж муугаар үнэлж байгаад гайхаж байна. Бараг бүх орноос бүр Японоос хүртэл надад хориг тавьсан. Цаашид шүүхийн шийдвэр яах нь сонирхолтой байна. Бид ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх болно" хэмээн ярьжээ.
Өмнө нь ОУЭШ-ийн шүүхийн өмнөх мөрдөн байцаалтын танхмаас Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Львова-Белова хоёрыг баривчлах шийрвэр гаргасан. Тус байгууллагын баримтад уг шийдвэрийг "ОХУ-ын булаан эзэлсэн Украины нутаг дэвсгэрээс хүүхдүүдийн хууль бусаар зөөн шилжүүлсэн" цэргийн гэмт хэрэгт тэднийг холбогдуулан гаргасан юм.
Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова хэлснээр, ОХУ нь ОУЭШ-ийн Ромын статусын оролцогч биш учраас тус байгууллагын Оростой холбоотой бүх шийдвэр нь Орост хууль эрх зүйн ямар ч үйлчилгээгүй гэсэн байна.
ОУЭШ нь 1998 оны Ромын статусаар ажилладаг ба Орос тэр баримтад гарын үсэг зуран оролцож байгаад 2016 оноос гарчээ. Өнөөдөр Оросын нэгэн адил энэ шүүхийг АНУ, Израиль, Хятад, Иран, Энэтхэг зэргийн цөөнгүй орнууд хүлээн зөвшөөрдөггүй байна.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)