Оросын "шазруун" Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст "өдөөсөн" айлчлал хийлээ гэж CNN телевиз мэдээллээ. Оросын лидерийн Мариупольд очсоныг "Мариуполь нь Украинчуудын эсэргүүцлийн бэлгэдэл гэж урт хугацаанд үзэж байсны хувьд Путины айлчлалыг "өдөөн хатгалаг" гэж хүлээн авах нь лавтай" гэжээ.
Олон улсын эрүүгийн шүүх Путиныг баривчлах шийдвэр гаргаад хэдхэн хоног болж байхад энэ айлчлал хийгдсэн нь "өдөөлт" гэж CNN нэрлэв.
Үүний өмнөхөн, Кремлийн хэвлэлийн албанаас Путин ажлын айлчлалаар Мариупольд очсон гэж мэдэгдээд тэр өөрөө жолоо барин ямар нэгэн дагалдах цуваагүйгээр хотын хэд хэдэн районоор орж хүмүүстэй ярилцсан гэжээ.
Шинэ байранд орсон айлуудын нэг нь Путиныг гэртээ урьсныг тэр хүлээн авсан байна. Мөн тэрээр хотын филармонийн шинэ байртай танилцаж, замуудын чанарыг үзэж, хотын сэргээн босголттой танилцжээ.
Оросын Ерөнхийлөгчийн Крымын нэгдэлтийн есөн жилийн ойн өдрөөр Крымд айлчлаад тэндээс машинаар Мариупольд очсоныг "Кремлийн зүгээс харуулсан үзүүлэлт" хэмээн The New York Times сонин бас мэдээлжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)