Туркийн Хатай мужид газар хөдлөлтийн дараа 30 метрын гүнтэй, 200 метрын өргөнтэй газар хагарсан туха İhlasHaberAjansı агентлаг мэдээлжээ. Тепехан тосгоны төвд 35 га талбайтай чидун жимсний талбайд газар хагарсан байна. Талбай гамшгийн өмнө тэгшхэн байжээ. Нутгийн хүмүүсийн яриагаар, газар хөдлөлтийн үеэр хүчтэй дэлбэрэлтийг сонссон ба зарим хүмүүс газар цууралтын орчим ногоон гэрэл болон утааг харжээ.
Хоёрдугаар сарын 6-нд Туркийн зүүн өмнөд Кахраманмараш мужид 7,7 ба 7,6 магнитудтай газар хөдлөлт болж, дагалдсан чичирхийлэлүүд нь тус орны 10 мужаар дайран өнгөрсөн билээ. Сүүлийн мэдээгээр Туркийн амь үрэгдэгчдийн тоо 25 мянга гаруй болжээ. Сирид амиа алдагсад 1800-гаас даваад байна.
Турк, Сирийн газар хөдлөлтөөр үрэгдэгчдийн тоо 40 мянгаас давах магадлалтайг Туркийн Аданд очсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффитс Sky News телевизид ярьжээ. Тодорхой үнэлгээ өгөхөд маш хүнд байгаа юм. Гэхдээ би үрэгдэгчдийн тоо хоёр дахин түүнээс ч илүү болохыг үгүйсгэхгүй хэмээн тэр мэдэгдлээ.
Сирид өгөөмөр хандив өгч байгаа ч хэрэглээ улам өсч байна. Тэндхийн хүн амын 90 хувь нь одоо ядууралд байна. Газар хөдлөлтийн үр дагавартай тэмцэхэд "иргэний дайны сүйрлийн үр дагавар нөлөөлж байна" хэмээн Гриффитс хэлжээ.
М.ЦОГТ