Словак, Чехийн үзэгчид ЗХУ-ын ардын жүжигчин Инна Чуриковатай салах ёс гүйцэтгэж, түүний бүтээсэн гайхалтай дүрүүдийг дурсаж байна. Жүжигчний хамгийн сэтгэлд хоногшсон дүр нь Александр Роугийн "Морозко" үлгэрийн Марфушенька гэж үзэгчид дурсжээ.
Словакийн Aktuality.sk сайтад, тэр хачирхалтай дүрээр Чурикова дэлгэцнээс хүмүүсийн амьдралд шууд буун орж ирсэн хэмээн бичжээ.
"Шүдээрээ самар хагалах талаар бодоогүй, оролдоогүй хэн нэгэн бидний дунд байхгүй гэж үү? Инна Чурикова Марфушийн дүрээр дэлгэцнээс бидний амьдралд шууд орж ирсэн юм. Тэрээр энэ хэсгийг камерын өмнө кастинг дээр үзүүлээд шууд дүрдээ батлагдсан гэдэг. Үүгээр тэр амьдрал нь хэрхэн өөрчлөгдөхийг мэдэж байсан гэж үү!" гэж өгүүлжээ.
Чуриковагийн тэр чухал дүрийг Чехууд ч мөн дурсав. refresher.cz сайтад жүжигчин хэдэн арван кинонд дүр бүтээснийг, олон мэргэжлийн шагнал авсныг дурсжээ. Гэсэн ч марфушагийн дүр нь сэтгэлд хоногшсон үлдсэн гэж онцолсон байна.
Зөвлөлтийн ардын жүжигчинг Украин, Латва, Эстони, Болгарт дурссан ба Марфушагийн дүрийг монголчууд ч сайн мэднэ. ЗХУ-ын Ардын жүжигчин Инна Чурикова өнгөрсөн бямба гаригт 79 насандаа нас баржээ.
"Ленком" театрын захирал жүжигчний үхлийг Оросын төдийгүй, дэлхийн театрын урлагийн том гарз гэлээ. Талийгаачийн ар гэрийнхэнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова, жүжигчид шүтэн бишрэгчид нь эмгэнэл илэрхийлжээ.