АНУ-ын засаг захиргаа сүүлийн 18 сарын хугацаанд "чип" үйлдвэрлэх хүчийг нэмэгдүүлж, асар их өсөлтөд хүргэсэн. Чип үйлдвэрлэлийн цар хүрээ нь Хүйтэн дайны үеийн сансрын уралдаанд оруулсан хөрөнгө оруулалттай дүйцэхээр болжээ.
Энэхүү өсөлт нь дэлхийн технологийн манлайлал, геополитикт нөлөөлж байгаа бөгөөд АНУ нь Хятад улсыг ухаалаг гар утаснаас ухаалаг пуужин хүртэлх электроникийн нэн чухал хэсэг болох цахиурын зүсмэлүүд /чип/-ийн салбарт дэвшилтэт гүрэн болохоос сэргийлэх зорилготой юм.
Нийт чипний 22 орчим хувь, хамгийн дэвшилтэт чипний 90 гаруй хувийг Хятад улс нутаг дэвсгэрийн нэг хэсэг болох Тайваньд үйлдвэрлэдэг. Энэ нь зөрчилдөөн гарсан тохиолдолд хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, АНУ-ыг технологийн хувьд сул дорой байдалд оруулж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлсэн.
Иймд АНУ-ын үйлдвэрлэлийн шинэ хүчин чармайлт нь эдгээр тэнцвэргүй байдлын заримыг засч залруулж магадгүй гэж салбарын удирдлагууд хэлж байна. Гэхдээ зөвхөн нэг цэг хүртэл. Нэгэн судалгаагаар 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт 2030 он гэхэд дэлхийн үйлдвэрлэлийн АНУ-ын эзлэх хувийг 14 хувьд хүргэнэ гэж үзсэн байна.
Байдены засаг захиргаа дотоодын чип үйлдвэрлэлийг дэмжихийн тулд дор хаяж 76 тэрбум долларын татаас өгч байгаа аж. Мөн худалдааны группын мэдээлснээр 35 гаруй компани 2020 оны хавраас хойш чипүүдтэй холбоотой үйлдвэрлэлийн төслүүдэд 200 тэрбум доллар амласан байна.
Шинэ үйлдвэрүүдийг барихад олон жил шаардагдах бөгөөд хамгийн нарийн төвөгтэй чипүүдийг шууд үйлдвэрлэх боломжгүй байж магадгүй юм. Компаниуд хангалттай татаас авахгүй бол төслийг хойшлуулах эсвэл цуцлах боломжтой. Мөн инженер, техникийн ажилтнуудын хомсдол нь өсөлтийг бууруулж болзошгүй юм.
Үүнээс гадна Уолмарт зэрэг Америкийн компаниуд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг бууруулахын тулд Хятадаас Мексик рүү бизнесээ шилжүүлж байна.
Б.Бүжлхамаа