БНСУ-ын Инчон хотын нэгэн оффисын дээвэр дээр ахлах сургуулийн хоёр сурагч нас барсан эмгэнэлт явдал гарчээ. Сурагчдын амиа алдсан газраас гэрээслэл олдсон бөгөөд уг гэрээслэлд хичээлийн стрессээс үүдэн амиа хорлох сонголт хийсэн тухайгаа бичиж үлдээсэн байна.
Инчон хотын Нонхён цагдаагийн газрын мэдээлснээр арванхоёрдугаар сарын 26-ий өдрийн 01:10 цагийн орчимд оффисын дээвэр дээрээс сурагчдыг олжээ. Ухаангүй байсан сурагчдыг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч ухаан орохгүй байсаар амьсгал хураажээ.
Хэргийн газраас сурагчдын цүнх, гар утас, гэрээслэл зэргийг олжээ.
JTBC-ийн мэдээлснээр гэрээслэлд хичээлийн хэт их стресс, түүнтэй тэмцсэн тухай болон сэтгэл зүйн хүнд байдалд байсан тухайгаа дурдсан байжээ. Сурагчид гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө ямар нэгэн зөрчилдөөнгүй байсан тухайгаа мөн дурдсан бөгөөд гаднын нөлөөгүй нас барсан болох нь анхан шатны үзлэгээр тогтоогджээ.
Тус улсын оюутан сурагчид хэт их ачаалалтай хичээллэдэг. Хичээлээс гадна олон төрлийн сургалтад хамрагдаж завгүй цагийн хуваарьтай амьдардаг бөгөөд Их сургуульд элсэн орох нь юу юунаас ч илүү хичээл зүтгэл шаарддаг зүйл. Эдгээрээс үүдэн стресст өртсөн сурагчид ачааллаа даалгүй шантрах, амиа хорлох зэрэг үзэгдэл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдээд байгаа аж.
zindaa.mn