Цар тахал эхэлснээс хойш Хятадад хатуу хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ мөрдөгдсөн хэвээр байсан. Харин сүүлийн хоногуудад Хятадын зарим бүс нутагт хязгаарлалтын нөхцөлийг хэсэгчлэн сулруулж байгаа тухай мэдээлж байна.
Сүүлийн мэдээгээр, нийслэл Бээжин хотод гэхэд ковидын дэглэмээ сулруулж нийтийн үйлчилгээний газруудад заавал 24-72 цагийн дотор хийлгэсэн пср шинжилгээний хариутай байх шаардлагыг цуцалсан, зөвхөн онцгой объектуудад ийм шаардлага хэвээр мөрдөх юм байна.
Олон сарын турш ковидын хатуу хорио хязгаарлалт хэрэгжүүлж байгаа эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаанууд 11 сарын сүүлээр хятадын 20-иод хотод дэгдсэний дараагаас энэ мэт ковидын эсрэг хоригийг илтэд сулруулах арга хэмжээ авч байна.
Хятадын Засгийн газар халдварын эсрэг арга хэмжээг илүү оновчтой болгохыг зорьж байгаагаа түрүү 7 хоногт мөн мэдэгдсэн. Тухайлбал, Шанхай хот нийтийн тээвэр, метро, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн байгууламжуудад пср шинжилгээний бичиг шаардахаа больсон байна. Гэсэн хэдий ч энэ 2 хотын иргэд худалдааны төвүүд рүү эсвэл албан байгууллагууд руу нэвтрэхийн тулд пср шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага хэвээр байна.
Хязгаарлалтыг шат дараатай сулруулснаар олон нийтийн дургүйцлийг бууруулж, удаашралд орсон эдийн засгаа сэргээхэд нь тустай гэж Хятадын эрх баригчид найдаж байна.