Өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрээр "Хуулиуд хэрэгжиж эхэлснээр төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, иргэд төрөөс үйлчилгээ авахын тулд шат дамжлагагүй нэг цэгээс авдаг болох ёстой. Гэсэн хэдий ч төрийн байгууллагууд иргэдээс цаас нэхсээр байгаа нь цахим баримт цаасан баримтын нэгэн адил үйлчлэхтэй холбоотой зарим нэг эрх зүйн зохицуулалт дутуу байгаатай холбоотой. Тиймээс 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан.
Тухайлбал, хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эмзэг мэдээлэл буюу биометрик болон генетик мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглохтой холбоотой онцлог зохицуулалтыг тусгаж өгсөн.
Мөн мэдээллийн хариуцагч тал буюу төр хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг давхар хариуцах эрх зүйн орчныг бий болгож өгснөөр хүний эрхийг хангахад дэвшил болсон" гэлээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй 5 чиглэлийн 67 төрлийн багц мэдээлэл нээлттэй болсон байна.
Түүнчлэн Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагаас өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 171 хорооны бүртгэлийн нэгжээр дамжуулан нийт 313,384 иргэн, 82,242 хуулийн этгээд, 14,288 төрийн албан хаагчид тоон гарын үсэг олгожээ.