Элон Маск Доналд Трампын твиттер хаягийг сэргээжээ. Гэхдээ АНУ-ын экс ерөнхийлөгч дахин нийтэлж эхлэх эсэх нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар түүний сүүлчийн пост нь 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр байгаа бөгөөд тэрээр өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social дээр үлдэх болно гэдгээ Fox News агентлагт хэлжээ.
Элон Маск энгийн санал асуулгаар ийм шийдвэр гаргасан бололтой. Нийт 15 сая гаруй оролцогч санал хураалтад орсон бөгөөд Трамп бараг 52 хувийн санал авч твиттерт эргэн томилогдов.
Твиттерт 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээний дараа Трампын хаягыг хааж, түүний нийтлэлүүд хүчирхийллийг өдөөх эрсдэлтэй гэж үзсэн гэж байсан юм.
Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болж байгаа тул Твиттерт эргэн ирсэн нь түүнд илүү хэрэгтэй байж болох ч хуваагдлыг нэмэгдүүлж магадгүй юм. Трамп ерөнхийлөгч байхдаа сонгуулийн талаар ташаа мэдээлэл тараан, эргэлзээ төрүүлэхийн тулд тус платформыг ашиглаж байсан юм.
Трампын хаягийг сэргээсэн нь платформын орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг Твиттер дэх зар сурталчилгааны үйл ажиллагааг зогсоож магадгүй байна. Мөн Элон Маск өнгөрсөн баасан гаригт 1200 гаруй ажилтан ажлаасаа халсан, гэвч тэрээр үндсэн технологийн талаар тусламж хүсэх шаардлагатай болоод буй юм.
Б.Бүжлхамаа