Дайны улмаас Украины талд учирсан хохирлыг ОХУ-аар нөхөн төлүүлэх механизмыг бий болгох тухай зөвлөмж бүхий тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей даваа гаригт баталсан байна. Уг тогтоолын төслийг Украин, Канад, Нидерланд, Гватемал зэрэг улсууд өргөн барьсан бөгөөд НҮБ-ын 193 орноос 94 нь дэмжсэн бол, 73 улс түдгэлзэж, 13 нь эсрэг санал өгсөн байна.
Эсэргүүцсэн 14 оронд ОХУ-аас гадна Беларусь, Төв Африкийн БНУ, Хятад, Куба, Умард Солонгос, Эритрей, Этиоп, Иран, Мали, Никарагуа, Сири, Зимбабве багтжээ.
Харин Монгол улсын хувьд түдгэлсэн байр суурь илэрхийлсэн байна.
Дайны үед НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ыг буруушаасан дөрвөн тогтоол гаргасан бөгөөд өнөөг хүртэл дэлхийн улс орнуудын дөрөвний гурав орчим нь санал өгөхдөө ОХУ-ын эсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа бол цөөн тооны улс орнууд ОХУ-ын талд санал өгч байна.
Өчигдөр баталсан тогтоолд ОХУ-ын эхлүүлсэн дайны улмаас Украинд учирсан, цаашид ч бий болох хохирлыг бүртгэж, нөхөн төлүүлэх олон улсын механизмыг бий болгохыг НҮБ-аас уриалжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолууд нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудаас ялгаатай нь улс төрийн тодорхой ач холбогдолтой боловч заавал биелүүлэх үүрэг гүйцэтгэдэггүй байна.