Ерөнхийлөгч Зеленский Украины эрчүүдийг улс хооронд зорчихыг хориглосон нь дайны ёс суртахуунд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Судалгааны шинэ мэдээллээс харахад Украины иргэдийн дийлэнх нь аялал жуулчлалын хоригийг одоогийн байдлаар дэмжихгүй байгаа аж.
Хоёрдугаар сард Орос Украин руу довтолсны дараахан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цэргийн онц байдал зарлаж, үндэсний аюулгүй байдлын үүднээс хүний эрхийн янз бүрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх хүсэлтэй байгаагаа НҮБ-д мэдэгдсэн байдаг. Эдгээр үл биелүүлэх үүргийн дунд чөлөөтэй зорчих эрх байсан юм. Украин улс 18-60 насны ихэнх эрчүүдийг тус улсаас гарахыг хязгаарлан, зорчихыг хориглосон билээ.
Гэвч найман сар гаруйн дараа ч энэ хориг хүчинтэй хэвээр байгаа бөгөөд сая сая эрэгтэйчүүд (мөн трансжендер эмэгтэйчүүд) түүний заалтуудыг дагаж мөрдөж байна. Дайн эхлэх тэр үед л өвлийн амралтаараа гэртээ харих ёстой байсан гадаад оюутан гэх мэт бусад орны эрэгтэй оршин суугчид хүртэл фронтын ард хоригдож байсан байна. Ажилгүйдэл 34 хувьтай байгаа энэ үед олон эрчүүд ажил хийх боломжгүй, хадгаламж, хоол хүнс нь дуусч байна. Тэд зүүн хотуудад үлдэж, гэр бүлээ дүрвүүлж, гэр бүлээ хамгаалж чадахгүй байх зэрэг сэтгэц, нийгмийн хохиролтой тулгарахын зэрэгцээ бөмбөгдөлт, хядлагад өртөж үхэх эрсдэлтэй байсаар байна.
Б.Бүжлхамаа