Украины дайн сунжирч, Оросын тал хохирол амсахын хэрээр Пригожиний нэр нөлөө Кремльд өсч, Орос оронд Сталинист маягийн дэглэм тогтож болзошгүй байгаа тухай Reuters мэдээлжээ.
Үүний өмнө Украины талд урвасан Оросын хөлсний цэргийг хулгайлан цаазалж буй дүрс бичлэгийг Оросын хувийн батлан хамгаалах компани Вагнер Групптэй ойр ажилладаг “Gray Zone” нэртэй Телеграм хуудсанд бямба гаригт нийтэлсэн байна.
“Өшөө авалтын алх” гарчигтай нийтлэгдсэн дүрс бичлэгт Украины талд урвасан Вагнер Группийн 55 настай хөлсний цэрэг Евгений Нужин гэгчийг цаазалж буйг харуулсан юм. Нужин нь есдүгээр сард Украины талд урвасан бөгөөд аравдугаар сарын 11-нд Киевээс хулгайлагдсан аж. Бичлэгт Нужиний толгойг тоосгон ханатай хавсран лантуугаар хүчтэй цохин амийг нь бүрэлгэж буйг харуулжээ.
Энэ явдлын талаар Вагнер Групп тус компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожиний мэдэгдлийг нийтэлсэн байна. Пригожиний мэдэгдэлд “Нужин ард түмнээсээ, журмын нөхдөөсөө санаатай урвасан урвагч юм” гээд Оросын иргэдийн зарим хэсгийг урвагчид хэмээн нэрлэж, уг бичлэгээр тэдэнд анхааруулга өгсөн гэдгээ ч хэлсэн байна.
“Путиний тогооч” хочтой Пригожин нь 2014 онд Вагнер Группийг үүсгэн байгуулсан, Ливи, Сири, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали, Украин зэрэг орнуудад Москвагийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байлдааны ажиллагаа явуулж байснаа хүлээн зөвшөөрчээ.
Пригожин нь дээрх мэдэгдэлдээ “Зөвхөн автомат буугаа хаяад дайсны талд орсон хүнийг урвагч гэдэггүй. Ард түмнээ боддоггүй зарим урвагчид албан тасалгаанд үүрлэж байна. Зарим нь төвийг сахисан орнууд руу хувийн онгоцоороо зугтацгааж байна. Тэднийг ч бас урвагч гэж үзэх ёстой” гэжээ.