НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон орнуудын 27-р бага хурал ням гаригт Египтэд эхэллээ.
Энэ хуралдаанд дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчид оролцож, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, түүнийг даван туулахад чиглэсэн асуудлуудыг хэлэлцэж байна.
Дэлхийн 190 гаруй орны төрийн тэргүүн болон бүс нутаг, цаг уурын байгууллагын төлөөлөгчид энэ сарын 6–наас 11-ний өдрүүдэд Египетийн зүүн бүсийн Шарм-эль-Шейх хотод хуран чуулж хүн төрөлхтөнд тулгараад буй цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлыг авч хэлэлцэж байна.
Өнгөрсөн жилийн тус хуралдаанаас цаг уурын дулаарлыг 1,5 хэмээс хэтрүүлэхгүй байх чиглэлд олон улс тохирсон байна.
Гэвч НҮБ-ын сүүлийн үеийн судалгаагаар, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах ажил өнөөгийн хурдацаараа байвал 21-р зууны эцэс гэхэд дундаж температур 2.8 орчим хэмээр өсөхөөр байгааг анхааруулж байгаа юм байна. Тиймээс гишүүд хүлэмжийн хийн ялгарлыг нэн даруй бууруулах, уян хатан бодлого боловсруулах, уур амьсгалын зайлшгүй нөлөөнд дасан зохицох, хөгжиж буй орнуудын дулаарлын эсрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг өмнөх жилийн хуралдааны үр дүнд тулгуурласан ажлуудыг авч хэлэлцэж байгаа юм байна.
Энэ удаагийн хуралдаан мөн ОХУ Украины дайны улмаас зарим улсад эрчим хүчний хямрал үүсэж, энэ нь нүүрсний хэрэглээг нэмэгдүүлснээр хүлэмжийн хийн ялгарал өссөн энэ цаг үед болж буйгаараа онцлог байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш бага хурлын нээлтийн үеэр үг хэлэхдээ "Энэ удаагийн хуралдаанаар бид манай гараг цаг уурын өөрчлөлтийн аюулаас сэргийлэх итгэлцлийг дахин бий болгож энэ амбицаа сэргээх ёстой юм. Үгүй бол 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 45 хувиар бууруулахын тулд түүнийг 10 хувиар өсгөх хандлагатай байна гэдгийг ч онцолжээ.
Ням гаригт нээлтээ хийсэн хуралдаанд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британий ерөнхий сайд Риши Сунак болон дэлхийн бусад удирдагчид даваа гаригаас эхлэн дээд түвшний яриа хэлэлцээнд оролцохоор хүрэлцэн ирэх аж. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гаригаас эхлэн бага хуралд оролцохоор төлөвлөсөн байна. Оролцогчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх нэгдсэн мессеж илгээж чадах эсэх нь хамгийн том сорилт юм гэдгийг олон улсын тоймчид хэлж байна.