Дэд ерөнхийлөгч Камала Харрис лхагва гаригт АНУ Ираныг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байдлын комиссоос гаргахын төлөө ажиллана гэж мэдэгдэв.
Тэрээр 45 гишүүнтэй засгийн газар хоорондын байгууллагаас Ираныг гаргах оролдлого хийхээ ийн мэдэгдлээ. Учир нь Иран 22 настай бүсгүй Махса Амини хижабаа зөв өмсөөгүйн улмаас Ираны ёс суртахууны цагдаад саатуулагдсаны дараа амь насаа алдснаас хойш хоёр сар орчим хугацаанд тус нутагт эсэргүүцлийн тэмцэл өрнөж, Ираны засгийн газар орон даяар тус өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг дарах гэж оролдсонтой холбоотой юм.
Үүний зэрэгцээ Иран жагсаалд оролцсон гэх 1000 орчим хүнийг буруутгаж, ойрын өдрүүдэд олон нийтийн шүүх хурал хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэв.
Камала Харрис хэлсэн үгэндээ “Эмэгтэйчүүд, охидын эрхийг системтэйгээр зөрчиж байгаа улс орон эдгээр эрхийг хамгаалах үүрэгтэй олон улсын болон НҮБ-ын аль ч байгууллагад үүрэг гүйцэтгэх ёсгүй гэж АНУ үзэж байна” гэжээ.
Б.Бүжлхамаа