Итевон дахь осол болсон гудамжинд дэвсгэр дэвсэн талийгаачдад хүндэтгэл үзүүлж буй нэгэн эрхэмийн зураг цахим орчинд ихээр түгэж, шаналал төрүүлж буй. Зарим хүмүүс түүнийг охиноо алдсан уй гашуугаа илэрхийлж байна хэмээн тайлбарлаж байсан юм. Гэвч үнэн хэрэгтээ энэ эрхэм Итевон гудамжинд бизнес эрхэлдэг аж.
Нам Ин Суг хэмээх энэхүү эрхэм дэвсгэр дэвсэн, хоол бэлдэж, хүж асаан талийгаачдад хүндэтгэл үзүүлжээ.
Тэрээр Итевон гудамжинд "Milano Collection" дэлгүүрийг 10 гаруй жилийн турш ажиллуулж байгаа аж. Осол болсон өдөр дэлгүүрийнхээ хаалгыг нээн гэмтэж бэртсэн хэд хэдэн хүнийг аварсан ч илүү их хүн аварч чадаагүйдээ харамсан уйлж, шаналсан сэтгэлээ ийнхүү тайтгаруулжээ.
Түүний энэхүү үйлдлийг зогсоохыг оролдсон цагдаа багагүй шүүмжлэлд өртсөн байна. Цагдаа түүнийг энэхүү үйлдлээ зогсоохыг шаардах үед Нам Ин Суг "Та ингэж болохгүй ээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол эмгэнэлт явдал болсон газар. Бид энэ өрөвдөлтэй хүүхдүүдийг сүүлийн удаа хооллож болохгүй гэж үү?" хэмээн уйлжээ. Үүний дараа хэд хэдэн цагдаа нэмэгдэн ирж түүнийг зогсоохыг оролдох үед тэрээр хашхирч эхэлсэн байна.
Эцэст нь цагдаа нар түүнийг тайвшруулж, хамтдаа гашуудлаа илэрхийлсэн байна.