Бямба гаригийн орой Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төв Итован гудамжинд сүнсний баяр тэмдэглэхээр хэт олон хүн бөөгнөрсний улмаас 146 хүн амиа алдаж, 150 орчим хүн бэртэж гэмтжээ.
Гадаадын иргэд ихээр цугладаг Итован хороонд хотын оршин суугчид жил бүрийн Сүнсний баярыг тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд ковидын улмаас гурван жил завсарлаад байсан энэ жилийн Сүнсний баярт оролцохоор 100 мянга орчим хүн цугласан албан бус мэдээ байна.
Оройн 22:22 цагийн үед эхэлсэн шахцалдааны үеэр амиа алдсан хүмүүсийн ихэнх нь бусдын хөлд гишгэгдсэн тухай албаныхан мэдээлжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл шуурхай хуралдаан зарлаж, хохирсон хүмүүст яаралтай тусламж үзүүлэх, эмнэлгийн ор бэлдэх үүргийг холбогдох албаныханд өгсөн байна. Мөн Европт айлчлал хийж байсан Сөүл хотын захирагч бүх айлчлалаа зогсоон яаралтай Сөүлд иржээ.
Сөүл хотод болсон уг осолтой холбоотойгоор БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. Итованы гудамжинд аврах байгууллагууд онцгой байдлын зэрэг тогтоон ажиллаж байгаа тул Итэвоны гудамжаар явахгүй байх, Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл гарсан тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт яаралтай холбогдохыг анхааруулсан байна.