Английн Манчестер хот дахь БНХАУ-ын Консулын гадаа хэсэг хүмүүс жагсжээ. Энэ үеэр консулын газраас нэгэн хүн гарч ирж, жагсагчийг зодсон байна. Энэ ёс буй үйлдлийг буруутгасан идэвхтнүүд болон Британийн зарим хууль тогтоогчид хатуу хариу арга хэмжээ авахыг уриалж эхэлжээ.
Их Манчестер хотын цагдаа нар албан хаагчид нь Рушолме дахь консулын байрнаас зодоон эхэлснийг гэрчлээд дараа нь хөндлөнгөөс оролцсон гэж мэдүүлжээ.
"Тухайн өдрийн 16:00 цагийн үед цөөн тооны эрчүүд барилгаас гарч ирэн, нэг хүнийг консулын газар руу чирч, танхайрсан. Английн цагдаа нар консулын газар руу зөвшөөрөлгүй нэвтэрч болддоггүй тул бид тухайн хүний аюулгүй байдалд санаа зовж байсан тул алба хаагчид хөндлөнгөөс оролцож, хохирогчийг консулын газраас гаргасан" гэж мэдээлсэн байна.
Хөдөлмөрийн намын парламентын гишүүн Дэвид Ламми "Энэ үйл явдал хэрэв үнэн бол хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэх тайлбарыг хэлжээ.
Тэрээр “Их Британи эрх чөлөө, хууль дээдлэх ёс, ардчиллын төлөө байдаг. Бидний гудамжинд тайван жагсаалыг таслан зогсоохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн байна. Мөн тэрээр Хятадын Элчин сайдыг тайлбар хий хэмээн шаарджээ.
Хохирогч нь өнгөрсөн ням гаригт Бээжинд болсон Коммунист намын 20 дугаар их хурлын үеэр Ши Жиньпин даргын эрхийг таван жилээр сунгахаар болсныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй жагсаалд оролцогсдын нэг байжээ.
Олон нийтийн сүлжээгээр тархаж буй халдлагын зургуудаас харахад консулын газрын хаалган дотор бусад хүмүүс түүн рүү дайрч, Британийн цагдаа түүнийг татах гэж оролдож байх үед цэнхэр ороолттой саарал үстэй эр хохирогчийн үснээс нь барьж байгаа харагдана.
Хонконгоос гаралтай Боб гэх иргэн "Тэд үүнийг хийх ёсгүй байсан. Бид энд [Их Британид] хүссэн бүхнээ хэлэх эрх чөлөөтэй байх ёстой” гэж ВВС-д ярьжээ.
Өмнө нь консулын газрын гадаа хэд хэдэн эсэргүүцлийн туг байрлуулсан бөгөөд нэг нь "Хятадын коммунист намыг тэнгэр устгана" гэсэн бичигтэй, титэм зүүсэн Ши Жиньпингийн шог зурагтай байсан байна.
Консулын газрын хэвлэлийн төлөөлөгч ВВС-д хэлэхдээ, жагсагчид "Хятадын удирдагчийг доромжилсон хөргийг төв хаалган дээр өлгөжээ. Энэ нь аль ч улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрын хувьд тэвчишгүй бөгөөд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Иймд бид энэхүү харамсмаар үйлдлийг эрс эсэргүүцэж, хатуу эсэргүүцэж буруушааж байна" гэсэн юм.
Энэ халдлагыг Их Британий олон нийт буруушааж байгаа юм.
Консерватив намын дарга асан Иайн Дункан Смит "Энэ асуудлыг яаралтай авч үзэхийг" уриалсан байна.
Б.Бүжлхамаа