Бээжин хотод долоо хоног үргэлжилсэн Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал ням гаригт өндөрлөж, Ши Жиньпин гурав дахь удаагаа намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Ингэснээр тэр Хятад орныг удирдах гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлж, Мао Зэдуний дараа тодорсон хамгийн нөлөө бүхий удирдагч болж байна.
Бээжингийн ардын их хурлын ордны тусгайлан зассан тайзан дээр Ши Жиньпин ирэх таван жилийн хугацаанд улс орныг удирдах багийн бүрэлдэхүүнээ дагуулан гарч ирж, танилцуулсан юм.
Хятад улсыг коммунист намын улс төрийн товчооны гишүүдээс сонгогдсон долоон гишүүнтэй байнгын хороо удирддаг. Байнгын хорооны тэргүүн нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин юм. Түүний дараа тайзан дээр Шанхай хотын намын хорооны дарга Ли Чянь гарч ирсэн нь ирэх гуравдугаар сард тэтгэвэртээ гарах ерөнхий сайд Ли Көчянийг залгамжлах нь тодорхой болжээ.
Өмнөх байнгын хорооноос үлдсэн Жао Лэжи, Ван Хунинь нараас гадна Цай Чи, Динь Шуэшянь, Ли Ши нарын шинэ хүмүүс ирэх таван жилийн хугацаанд Хятадыг удирдахаар болсон байна. Эдгээр хүмүүс бүгд Ши Жиньпиний үнэнч хамтрагчид гэгддэг.
Шинэ багаа танилцуулах үедээ Ши Жиньпин “Хятадын хөгжил дэлхийг орхихгүй. Дэлхийн хөгжилд бас Хятад хэрэгтэй. Хятад улс орон нь эдийн засгийн хурдтай өсөлт, улс төрийн тогтвортой байдал гэсэн хоёр гайхамшгийг бүтээж чадлаа. Бид Хятадын шинэчлэлд хүрэх замыг нээхийн тулд удаан бөгөөд шаргуу тэмцсэн. Даалгавар асар том байх тусам түүнийг улам аугаа бөгөөд хязгааргүй алдар суутай болгодог. Хятадын ард түмний үе үеийнхэн энэхүү гайхамшигт зорилгын төлөө өөрсдийгөө зориулсаар ирсэн. Бид тэдний зүтгэл, золиосыг хэзээ ч мартах ёсгүй” гэж Ши Жиньпин хэлсэн байна.
Шинэ бүрэлдэхүүний бусад гишүүдийн хувьд Цай Чи намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бол Жао Лэжи бүх Хятадын ардын их хурлын даргын албыг хаших гэнэ. Ван Хунинь бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл буюу коммунист намын гаднах нөөцийг зохион байгуулах, намыг гаднаас нь дэмжих гол байгууллагын тэргүүн болжээ. Ли Шигийн хувьд авлигатай тэмцэх гол байгууллага намын сахилга, хяналтын төв хороог удирдахаар болсон байна.
Насны хувьд Ши Жиньпин 69, Ли Чянь 63, Жао Лэжи 65, Ван Хунинь 67, Цай Чи 66, Динь Шуэшянь 60, Ли Ши 66 настай юм.
Эх сурвалж: BBC