Сарын өмнө Украины арми Харьков мужийн ихэнх хэсгийг эргүүлэн авсны дараа цагдаа нар хот, тосгоныг болон нутгийн засаг захиргааг сэргээсэн байна. Мөн тэд цагдан хоригдсон, эрүүдэн шүүлгүүлсэн, сураггүй алга болсон зэрэг хамаатан садны тухай мэдээлэлд дарагджээ.
Цагдаагийн газар болон зохиомол хорих ангиудад хоригдож буй хүмүүсийн бүртгэлээс байцаалтын үеэр зодуулж, цахилгаанд цохиулсан хүчирхийллийн хэв шинж илэрчээ. Гэрчүүдийн хэлснээр эрүүдэн шүүх нь ердийн үзэгдэл байсан байна.
Бүс нутгийн хэмжээнд олдсон 500 гаруй цогцосны заримд нь хүчирхийллийн шинж тэмдэг илэрсэн гэлээ. Энэ талаар цагдаагийн дарга "Гар нь боолттой, буудуулсан, боомилогдсон, зүсэгдсэн шархтай, бэлэг эрхтэн нь зүссэгдсэн цогцос байна" гэж мэдээлжээ.
Оросын эзлэн түрэмгийллийн дор байгаа хүн амын хүчирхийллийн цар хүрээ нь нутаг дэвсгэрийн өргөн, эзлэн түрэмгийллийн үргэлжлэх хугацааг харгалзан Буча хот болон Киев орчмын бүс нутгуудаас илүү их байх магадлалтай гэж цагдаагийн албаныхан мэдэгдлээ.
Дайны гэмт хэргийн мөрдөн байцаагчид эргүүлэн авсан хот тосгодоос олдсон хэдэн зуун цогцосны заримыг шалгаж байна.
Дайнтай холбоотой бусад мэдээ:
-
ОХУ-ын довтолгоонууд тус улсын эрчим хүчний дэд бүтцэд олон хоног цохилт өгсний дараа өчигдөр Украин даяар цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлах журам хэрэгжиж эхэллээ.
-
АНУ-ын тагнуулын албаны дүгнэлтээр Украины арми ирэх зургаан долоо хоногт зүүн болон өмнөд бүс нутагт ялалт байгуулж магадгүй байна.
-
Европын Холбоо ОХУ-д нисгэгчгүй онгоц нийлүүлсний төлөө Ираны эсрэг хориг арга хэмжээ авчээ.
-
Италийн баруун жигүүрийн эрх баригч шинэ эвслийн нэг хэсэг болох Ерөнхий сайд асан Сильвио Берлускони Ерөнхийлөгч Владимир Путиныг хүч хэрэглэн түрэмгийлэхэд Украины Ерөнхийлөгчийг буруутгаж буй талаарх бичлэг ил болжээ.
Б.Бүжлхамаа