x

Хоёр дахь Мао буюу өшөө авагч, өв залгамжлагчгүй Ши дарга

Бээжинд Хятадын Коммунист намын ХХ их хурал үргэлжилж, Ши жиньпин намын даргаар сонгогдоно гэдэгт эргэлзэх зүйлгүй болж байна. Тэрээр намын дарга болсныхоо дараа буюу ирэх оны гуравдугаар сард гурав дахь удаагаа Хятадын даргаар сонгогдоно.

Ши Жиньпин гэж хэн бэ? Гадаадын ихэнх хүмүүс өнөөгийн Хятадын тухай хоёр зүйлийг сайн мэднэ. Тэнд маш олон хүн амьдардаг, капиталист нүүр царайтай коммунизм байгуулсан хэвээр байна гэж. Гэхдээ ихэнх нь Хятадын лидерийн талаар бараг мэдэхгүй. Хятадууд ч өөрсдөө Ши дарга гэхээс өөр мэдлэггүй л дээ.

Арван жилийн өмнө Ши Жиньпин Хятадын  жолооны ард дөнгөж зогсох үед нь түүнийг “Дуугүй Ши” гэдэг байв. Хятадын даргыг уурлуулна гэж бараг байхгүй. Юу ч болсон эелдэг инээмхийлэл нүүрэнд нь ямагт тодорсон байна гэж ярьдаг.

Их үсрэлтийн хохирогч

Ши Жиньпин 1953 оны Зургадугаар сарын 1-ны өдөр Бээжин хотноо намын нэртэй зүтгэлтэн, Хятадын Улаан армийн тодруун удирдагч нарын нэг Ши Чунсюнийн гэрбүлд төржээ. Гучаад онуудад эцэг нь Шанси мужид партизаны нууц байгууллагыг үүсгэсэн хүн. Тэрээр Япончуудтай байлдан Баруун хойд Хятадын бүх мужийн ерөнхий командлагч гэдгээр алдаршжээ.

Мао дарга өөрөө “ард түмнээс төрсөн лидер” гэж нэрлэсэн Ши Чунсюнь намын Түр хорооны үзэл суртлын асуудал хариуцаж ирэв. Түүний карьерын оргил үе нь 1959 он болов. Намын VIII их хурал дээр тэр Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдон Төрийн зөвлөлийн орлогч даргаар томилогдов. Маогийн дараах хоёр дахь хүн болсон байлаа.

Ши Жиньпин (зүүнээс) эцэг, дүүгийн хамт, 1958 он.

Гэтэл түүний намын карьерыг уран зохиол оролдсон нь баллав. Тэрээр тавиад оны эхээр өөрийн найз түүхэнд “хятад Будённый” гэж орсон улаан дарга Лю Жиданы тухай ном бичжээ. Гэтэл уг номонд “улаан баатар Люгийн” ойрын хамтран зүтгэгч, Хятадын Улсын төлөвлөгөөний  газрын дарга Гао Ганыг дурьдсан байлаа. Ном гарснаас хоёр жилийн дараа тэр ард түмний дайсан болжээ. Номыг нь намын их цэвэрлэгээ эхэлсэн 1962 онд санажээ.

Гэхдээ нэг их зарлаад байдаггүй өөр шалтгаан байлаа. Тавиад оны сүүлчээр Мао Зедун Их үсрэлтийн бодлогоо зарлан "Гурван жилийн тууштай хөдөлмөр-түмэн жилийн жаргал!" гэж хятадуудыг хурдтайгаар коммунизм байгуулахыг уриалав.

Хажуугаас нь харахад бөөнөөр солиорсон мэт. Тосгонуудад бүх тариачдыг коммунд нэгтгэн хөрөнгийг нь нийгэмчлэв. Хотын коммунууд нь хашаандаа хэдэн зуун мянган бүдүүлэг домен зуух барин ямар ч чанаргүй ган хайлуулж эхлэв. Үр дүнд нь Их үсрэлт үзэгдээгүй их эдийн засгийн сүйрлийг авчрав. Тариачид коммунаас зугтаж, Хятадад өлсгөлөн эхэлсэн байлаа. Зарим нэг дүгнэлтээр хэдэн жилийн дотор 45 сая хүний амийг энэ туршилт авч одсон байна.

Үүний бурууг хэн нэгэн үүрэх ёстой. Мао намын цэвэрлэгээг зарлан хэдэн арван мянган намын удирдагчид ардын дайснууд боллоо. Тэдний тоонд Ши Чунсюнь оржээ.

Ардын дайсны хүү

Гэтэл Ши Чунсюнийн аз ивээн түүнийг шорон, лагерьт суулгасангүй. Зүгээр л бүх тушаалаас нь буулган Хэнань мужийн Лоян хотод байгуулагдаж байгаа тракторын заводын захирлаар явуулжээ. "Лаозяо" гэх лагерьт Соёлын хувьсгал эхэлсэн 1967 онд түүнийг илгээсэн байна. Лоян хотын заводын дарга Шийг үхтэл нь зодоод алиа салбадайн хувцас өмсгөн дүүжлэнэ гэж сүрдүүлэн талбайд сөгдүүлж суулгаад бурууг нь хүлээлгээд лагерьт дахин хүмүүжүүлэхээр илгээсэн байлаа.

Залуу Ши тэр үед 13 хүрсэн байв. Ши эх Ци Синь охин дүү Цяоцяо, бага дүү Юаньпин нарын хамт төрлөх Шаньси мужид хотоос зугтан очжээ. Тосгонд тэд орон нутгийн хунвейбинүүдийн гарт оров. “Хувьсгалын эсэргүүгийн ар гэр гэж тэднийг тосгоны коммуны гахайг маллуулан  гахайн хороонд амьдруулжээ.

Олон жилийн дараа Ши Жиньпин нэгэн сэтгүүлд ярихдаа "Өөрийн залуу наснаас би юуг санаж байна вэ? Зөвхөн байнгын өлсгөлөн, хүйтнийг санана. Бас өдөр тутмын хүнд хөдөлмөр, харгалзагч нарын харигслал, байнгын ганцаардлыг санаж байна. Бараг долоон жилийн турш миний гэр гахайн балиар хоргонд байлаа. Би туйпуун дээр унтаж бөөс хуурстай хуучин бүтээлэг нөмөрдөг байв. Гахайтай хамт нэг хувингаас ундаалж байлаа..." гэсэн байдаг.

Бохироос намын Ван руу

Мао Зедун нас барсны дараа засагт шинэчлэгч Дэн Сяопин гарч ирсэн 1977 онд байдал хувирлаа. Бага Ши улс төрийн чиглэлийн өөрчлөлтийг мэдэрч эхлэв. Эцэг нь лагерьт суусан хэвээр ч түүнийг гахайн хоргоос гаргалаа.

Цагаатгалын ажлын хүрээнд түүнийг намын гишүүнээр элсүүлэн гахайн фермийн намын үүрийн дарга болгосон байв. Ши тэнд удаан үлдэхийг хүсээгүй боломж гарангуут Бээжинд очин Уинхуагийн их сургуулийн хими-технологийн факультетад суралцах болсон байна.

Эцэг Шийг нь 1978 онд цагаатгалаа. Эхлээд түүнийг Лояны заводын даргаар буцаав. Дараа нь Дэн Сяопин түүнийг Гуандун мужийн захирагчаар томилсон байв. Гуандун л ирээдүйн эдийн засгийн гайхамшгийн гол туршилтын талбай нь болсон билээ.

Наяад онуудад ХКН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга нарын нэг болсон Чунсюнь, эдийн засгийн либералчлалын бодлогыг бүтээгчдийн нэг болжээ. Мөн тэрээр “эдийн засгийн тусгай бүсийн” нийслэл Шэньчэнь хотын байгуулалтыг давхар хариуцжээ.

Хот хятад капиталистуудын өлгий нь болсон байв.

"Аавын хүү" ард түмэн рүү

Эцгийн далбаан дор бага Ши амар замаар баталгаатай явж болох байсан. Химийн инженерын диплом авсан тэр намаасаа карьераа эхлэв. Эцгийн дэмжлэгтэйгээр тэр Төрийн зөвлөлийн орлогч Гэн Бяогийн нарийн бичгийн дарга болов. Босс нь Цэргийн зөвлөлийн гишүүн учир тэр суудал баттай гэмээр байв.

Эцэг нь хүүгийнхээ гэр бүлийн амьдралыг товхинуулж түүнийг Их Британид сууж байсан Элчин сайдын охин Кэ Сяоминтай гэрлүүлэв. Хуримын бэлэг болгон залууст баруун Бээжингийн Наньшагоу районд тансаг байр бэлэглэв. Одоо энэ районд барууны бүх элчин сайдын яамд байрладаг.

Гэвч тооцоотой гэрлэлт бага Шийд аз жаргал авчирсангүй. Тэд хэрүүл маргаантайгаар энэ амьдралаа өнгөрөөжээ. Боловсролтой ганган Кэ алхам бүрээ нам, тусгай албаны хяналтад байхыг хүссэнгүй. Тэрээр энэ бүгдийг орхин баруунд амьдрахаар явахыг нөхрөөсөө шаардана. Тийшээ зугтах нь эцэг, гэр бүлдээ том цохилт авчирна гэдгийг ойлгосон Ши татгалзаж байлаа. Тэдний гэрлэлт 1982 онд салаад Кэ Англид амьдрахаар явав. Ши Хятадад үлдэв. Тэр “аавын хүүгийн” карьер түүний амбицтай таарахгүйг ойлгоод бүх ажлаасаа халагдан мужид ажиллахыг хүсэв. Ингээд тэр Шар тэнгисийн эргийн Чэнжин хот руу явжээ.

Тяньаньмэнийн дараах үсрэлт

Чэндин хотод бага Ши гурван жил ажиллаад тэр ядуу хотыг эртний сүмүүд, буддын хийдтэй жуучлалын томоохон төв болгож чадсан байна. Харин Ши Жиньпин өөрийн амжилтаа даруухан дүгнэн "Чэндин бол миний хүмүүстэй ажиллах талаар суралцаж эхэлсэн газар юм" хэмээн нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.

Бага Ши 1985 онд тушаал дэвшин Фужянь мужийн Сямэнь хотын вице-мэр болов. Мужийг тэр үед хувийн хэвшлийнхний капиталист диваажин гэж байлаа. Жиньпин хатуу гартай удирдагч гэдгээ харуулан 1986 оны зун хотод оюутны эсэргүүцлийг гаргасангүй.

Ши Жиньпиний хатууг гурван жилийн дараа Тяньанминийн талбайн барууныхны хэлдэг “оюутны хувьсгалын” үеэр санажээ. Хятадууд өөрсдөө ХКН-ын шинэ дарга, либерал Чао Зыянын намыг хуучинсаг удирдлагаас цэвэрлэх оролдлого гэдэг. Оролдлого бүтэлгүйтэж, генералууд улс төрд оролцон жагсаалыг дарав. Намын дарга гэрийн хорионд насаа эцэслэжээ. Үүнийг дагаад улс оронд баривчилгаанууд явагдав. Эцэст нь Ши Жиньпины карьер огцом урагшилж 1989 онд тэр Фуцянь мужийн Хятадын ардын армийн тойргийн намын дарга болов. Хятадад ийм зиндааны бүсийн удирдагчид дээд элитийн залгамж хүчин болдог ажээ. Залуу Ши Бээжинд гарч дэвшинэ гэж байсан ч карьер нь мужийн удирдлага дээр зогсонги байдалд оров. Ерээд онуудад Шанхайн мээр байсан шинэ дарга Зянь Зэмин өөрийн хотын хүмүүсээ л дэвшүүлж байсан нь түүнд нөлөөлсөн байж болох талтай.

Хятадын Ерөнхий нарийн бичгийн даргаар Шигийн адил Цинхуагийн их сургуулийг дүүргэсэн Ху Жиньтао 2002 онд сонгогдсоны дараа Бээжин түүний талаар санасан юм. Удалгүй Ши тус орны хамгийн баян мужийн нэг Чежяны захирагчаар томилогдлоо.

Тэр үеэр Ши Жиньпин гэр бүлийн жаргалаа бий болголоо. Ерээд оны эхээр тэр хоёр дахь удаагаа эхнэр авч “Хятадын армийн алтан хоолой” гэгддэг ардын дуунууд, армийн дуугаар олонд алдартай дуучин Пэнийг сонгосон байв. Пэн Лиюань “дуугүй Шигээс” юу олов гэсэн маягийн яриа өрнөж байлаа?!

Саяхан Пэн ярихдаа, түүнд Ши Жиньпиний хатуу тууштай чанар, эмэгтэй хүнд хандах зөөлөн сэтгэл, мөн түүнийг мөнхийн амгалан байдлаас нь гаргах зүйл хорвоод үгүй мэт хэт амгалан байдал нь таалагдсан гэсэн байв.

Гэхдээ түүний тайван амгалан нь баг юм. Үнэн хэрэгтээ энэ хүн ямар их оргилуун, сэтгэлийн хөөрөлтэйг хэн ч мэдэхгүй гэж Пэн Лиюань ярьсан байдаг.

Залуу хосууд 1992 онд охинтой болон Ши Минзе гэж нэрлэв. Өнөөдөр Хятадын лидерийн охины талаар мэдээлэл ховор. Өөр нэрээр хэдэн жил Харвардад суралцаад ирсэн тэр Бээжинд амьдардаг. Харвардад эрх зүй, урлагийн түүх, английн уран зохиолыг судлан суралцжээ.

Шанхайн хэрэг явдал

Хятадын засгийн эрхийн төлөөх тэмцэл яаралгүй тав-зургаан жилээр түрүүлэн хийгдэж байдаг. Таван жилд нэг удаагаа намын их хуралтай. Намын номенклатурын өмнөх таван жилд нь зуун удаа тохиролцсон шийдвэрийг нь их хурал баталж байдаг. Гэнэтийн эргэлт, гуйвалт, “соёлын” болон бусад хувьсгалыг Хятадад хэн ч дахиад хүсэхгүй болсон байгаа.

Тэвчээргүй “гадаадынханы” хүссэн цагт нь биш гэнэтийн зүйл гараад ирдэг л дээ. Тухайлбал, 2002 онд Хятадын удирдлагад Ху Жиньтао гарч ирээд 10 жилийн хугацаанд 2012 он хүртэл удирдахаар болов. Гэтэл Ху Жиньтаг солих хүнийг 2007 онд Бээжинд яриад эхэлсэн байлаа. Намын их хурлын өмнөхөн. Намын их хурал дээр лидер нь залгамжлагч нараа дэвшүүлэн дараагийн таван жилд тэдний аажмаар улсын дээд удирдлагын явцуу хүрээнд оруулах ёстой гэсэн логик утгатай.

Үнэндээ бол тэр үед ХКН-ын ТХ-ны гишүүн, Шанхай хотын ХКН-ын хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга асан, хожим Хятадын дарга болсон Зян Зэминийн хүчирхэг “шанхай бүлэг” гэдгийн гишүүн Чэнь Лянъюйг “залгамжлагч” гэж үздэг байв. Чэнь Лянъюй өөрөө ч “бүлгийн хүчиндээ” бүрэн итгэсэн байснаас Төв хорооны хурал дээр Ху Жиньтаотай хэд хэдэн удаа зөрөлдөөд авчээ. Харин Улс Төрийн товчоо тийм “сагсуучуудыг” үл тэвчдэг.

Хятадын Аюулаас хамгаалах яамны туршуулууд 2006 онд Чэнь Ланъюйг гэнэтхэн баривчлав. Тэрээр орон нутгийн тэтгэврийн сангаас 400 сая долларыг зориулалтаас бус аргаар зарцуулж завшсан хэрэгт сэжиглэгдсэн ба хэргийг Шанхайн хотын даргаар томилогдсон “дуугүй Ши”-д хариуцуулсан байв. Ингээд Чэнь Лянъюй 18  жилийн ялаар шийтгүүллээ.  Тэтгэврийнхний мөнгийг завшсан тэр хэрэгт “шанхайн бүлгийн” хэдэн арван  албан тушаалтнууд татагдан цэвэрлэгээнд орсон байлаа.

Ху Жиньтаогийн залгамжлагчийн нэрийг 2007 онд улс нь мэдлээ. Залгамжлагч нарын нэр зөвхөн Шигээр хязгаарлагдаагүй. Гол өрсөлдөгч нь Хятадын коммунист залуучдын эвлэлд карьераа хийж ирсэн Ляонин мужийн намын хорооны дарга асан Ли Кэцян байв. Мөн “шанхайн бүлгийн” гишүүн, Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд байсан Жоу Юнкан бас л гол хүний нэг байв.

Гэтэл бүхнийг 2008 оны Бээжингийн олимп шийдээд өглөө. Түүнийг явуулах ажлыг БНХАУ-ын  орлогч дарга болсон Ши Жиньпин хариуцсан юм. Бээжингийн олимпийн ялалтын дараа хэн Хятадыг аваад явах вэ гэдэгт эргэлзэх зүйлгүй болсон байв.

Тав дахь үе дөрөв дэх үеийн эсрэг

Хажуу талаас нь харахад Хятадын улс төр Хятадын уламжлалт театр “Цинсийг” санагдуулдаг. Тайзнаа ямар нэгэн үйл явдал өрнөх авч чухам юу вэ гэдэг нь огт ойлгомжгүй. Наад зах нь огт мэдэхгүй үзэгч нарт мэддэг хүмүүс нь болж буй хэрэг явдлын утгыг тайлбарлахаар яардаггүй. Учир нь гадаадын “мангаруудад” театрын жүжгийн үйл явдал чухал бус, ”цинси” урлаг нь жаягт оруулсан стиллжүүлсэн хөдөлгөөн, дохио зэргээр утга санааг нь гаргахад оршино гэдэг юм.

Яг ийм хууль л Хятадын улс төрд явагддаг ба үндсэн үйлдэл нь олноос далд явагддаг. Олны өмнө хятад улстөрчид ёслолын дохиог тууштай үзүүлнэ. Заримдаа “цинси” театрын хууль зөрчигдөөд ирэхээр Бээжингийн олимпийн далд хэсэг үзэгчдэд харагдаад эхэлдэг.

Нэг иймэрхүү зүйл 2012 оны есдүгээр сард ХКН-ын XVIII их хурлын өмнөхөн болжээ. Энэ их хурлаар Хятадын удирдлагын тав дахь үе Ши даргын хамт засагт гарсан билээ.

Их хурлын өмнө Ши Жиньпин хэдэн долоо хоног олонд харагдсангүй. Түүгээр ч барахгүй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сингапурын  Ерөнхий сайд, Оросын сайд зэрэгтэй уулзах байснаа болилуулсан байв. Америкийн The Washington Post сонин Гонконгийн эх сурвалжаас авсан мэдээний дагуу үнэн хэрэгтээ, Жоу Юнканы “армийн бүлэглэлийнхэнтэй” зөвөлгөөн хийж байхад хүндээр зодуулсан гэж бичсэн байв. Ширүүхэн ярианы өрнөж байх үеэр галзуурах шахсан генералууд БНХАУ-ын орлогч даргын толгойг сандлаар цөм цохих шахсан гэнэ. Хөх няцаа арилтал Ши хэдэн долоо хоног гэртээ хэвтсэн гэж Америкийн сэтгүүлчид бичсэн байгаа юм.

Яахав, Ши Жиньпин гомдоогч нараасаа хангалттайгаар өшөөгөө авлаа. Их хурлын дараа жил ч болоогүй байхад Жоу Юнкан баривчлагдаж, авлигын бүхэл бүтэн багц хэрэгт буруутгагдлаа.

Авлигатай тэмцэх сэдэв Ши даргын эхний бүрэн эрхийн хугацааны тэргүүн зорилт нь болсон билээ. Ши өнөөгийн Засгийн газрын тэргүүн Ли Кэцянтай холбоо байгуулан өмнөх элитийн хүрээний томилгооныхныг хатуу гараар зайлуулж эхлэв. Гэхдээ энгийн хятад хүмүүст хулгайн хэрэгт шигдсэн цэргийн болон намын дээд хэсгийг цэвэрлэж байсан нь таалагдалгүй яахав.

Авлигын эсрэг кампанийн цар хүрээ нь гайхалтай. Тусгай албаныхан 2013-2017 онуудын дөрвөн жилд нам, төрийн байгууллагын 1,35 сая ажилтнуудыг цэвэрлэн зайлуулсан байв. Гэхдээ дээд удирдлагын хэдэн зуун тушаалтнууд цаазын ял сонсож, бүх насаар хоригдох ял  авчээ.

Шүүгдсэн “хүнд жинтнүүдийн” дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч Го Босюн, Цэргийн төв комиссын орлогч дарга Сюй Цайхоу, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ху Жиньтаогийн гол туслах байсан Линг Жихуа, бас нэг “өв зөлгөмжлагч ханхүү” бөгөөд бүх Хятадыг хамарсан бизнесийн вант улсыг бүтээгч, Арилжааны сайд асан Бо Силай нар байлаа. Дашрамд хэлэхэд, Бо Силайтай Ши хувийн өшөө хонзон хунвейбиний ахмад үеийнхнийг мөрдөн мөшгөх Бээжингийн отрядын даргаас нь эхэлсэн байжээ.

Ярих нь Бо Силай төрсөн эцгээ хүртэл өрөвдөлгүйгээр байцааж байхдаа бүх хавиргыг нь хугалсан гэдэг. Бо Силайн хамт түүний эхнэр Гу Кайлайг баривчлан түүнийг Британи бизнесмен Нил Хэйвудыг хөнөөсөн гэж буруутгав. Британи эр хятад албан тушаалтнуудын тэрбумуудыг оффшорт гаргахад тусалж байв. Ингээд Гу Кайлай цаазын ял сонсож, Бо Силай бүх насаараа хоригдох ял эдлэх болов.

Сонирхолтой деталь: Жоу Юнканы “шанхайн бүлэглэлийг” бут ниргэсэн нь Оросуудыг багагүй түгшээв. Засгийн газрынхаа өмнөөс Хятадын нефть, хийн компанийг хариуцаж байсан Жоу Юнкан л  “Сила Сибири” гэх Хятадад очих хийн хоолойг дэмжин санаачлагч нь байсан юм.

Харин тэр цагт Ши Жиньпин тус орны аж үйлдвэр хөгжсөн Зүүн өмнө хэсгийн төлөөлөгч, жинхэнэ барууныг барьсан улстөрчөө харуулан геотермалын “ногоон” эрчим хүчний хөгжил мөн Катар, Малайз, Индонезийн нийлүүлдэг шахмал хийн зах зээлийн төлөө гэж тодорсон юм.

Гэвч нэн удалгүйгээр Ши Жиньпин, Фузяньд түүнийг хамгийн уян улстөрч гэж зүгээр нэг нэрлээгүй байсныг батлан “Газпром”-тай харилцаагаа тогтоов. Үүгээр тэр Оросын шилдэг холбоотноо харуулахын зэрэгцээ Оросыг “Эдийн засгийн торгон зам” ба “XXI зууны далайн торгон замынхаа” эдийн засгийн гол түншээ болгосон “Нэг бүс-Нэг зам” нэртэй санаачлагаа дэвшүүлэв.

Гурав дахь хугацаа руугаа

Ши Жиньпин (зүүн талд нь) Мао Зэдун (баруун талд нь)

Ши даргыг залгамжлах хүний тухай яриа эртнээс өрнөж байв. Өмнөх Бүх Хятадын коммунист намын XIX их хурал ч энэ талаар тодорхой болгоогүй юм. Хэрэв Ши Жиньпинд Хятадын дээд удирдлагын “зургаа дахь үеийн” тухай ямар нэгэн санаа бодол байсан бол тэр түүнийгээ дотроо үлдээв. Мужийн залуу захирагчдаас хэн нь ч засгийн дээд эгнээнд уригдсангүй. Түүгээр ч барахгүй “зургаа дахь үед”  орох магадлалтай “залгамжлагч” нараас авлигын шинэ хэргийн сэжигтнүүд гарах болов. Жишээлбэл, Чунчин хотын намын хорооны дарга Сунь Чэнцайг намын даргад нэр дэвших магадлал өндөртэй гэж тооцож ирсэн ч намын их хурлын өмнө түүнийг бүх тушаалаас огцруулан нам, төрийн өндөр тушаалтнуудын элитийн шорон Циньчэнд суулгалаа.

Ши дарга 2022 онд Үндсэн хуулийн дагуу албан тушаалаа шилжүүлэхэд, өнөөгийн ХКН-ын УТТ-ны гишүүд, Төрийн зөвлөл ба Цэргийн зөвлөлийн Ши даргын орлогч нарын хэн нь ч засгийг залгамжлах хүмүүс гэж зарлагдаагүй үлдэв. Учир нь Хятадын дээд засаг бараг тэр чигтээ л тэтгэврийн 70 нас хүрсэн байх ёстой. Үндсэн хуулийн шинэ засвараар тэдэнд засаг барих зам нь нээлтэй болсон юм.

Ши дарга 2022 онд дөнгөж 69 нас хүрэх нь Хятадын хэмжүүрээр ид цэцэглэлтийн нас юм. Жишээ татахад, Дэн Сяопин баривчлал дор олон жилийг өнгөрөөсний дараа зөвхөн 73 насандаа л Хятадын лидер болсныг сануулахад илүүдэхгүй байх. Харин Мао Зедун дал хүрсэн цагтаа удирдлагын амтанд ч ороогүй л байлаа.

Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхийн хугацаандаа засаг барих боломжийг олгох Үндсэн хуулийн засварлалтын тухай яриад эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш харин ч түүнийг хэрэгжүүлэн энэ өөрчлөлтийн төслийг баталлаа.

Хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн  хурлын депутатууд ээлжит чуулганаараа БНХАУ-ын дарга ба түүний орлогчийн бүрэн эрхийн хугацаанд хязгаарлалт тавьсан заалтыг хүчингүй болгохын төлөө саналаа өглөө. Энэ шийдвэр нь түүний бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа дахин сонгогдох боломжийг Ши Жиньпинд өгсөн юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Би (172.69.252.132)
    Энэ хэний бичсэн нийтлэл вэ. Өөр газраас уншсан санагдана
    2022 оны 10 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top