Их Британийн Ерөнхий сайдын хувиар парламентад гурав дахь удаагаа байцаалт өгөхдөө л доромжлуулж байсан Лиз Трасс огцрохыг шаардсанаас татгалзаж, "Би бол тэмцэгч, харин бууж өгдөг хүн биш" гэж мэдэгдэв.
Гэвч хэдхэн цагийн дараагаар тэрээр засгийн газрынхаа хамгийн өндөр албан тушаалтай сайд нарын нэгийг огцруулахаас өөр аргагүйд хүрсэн нь зургаан долоо хоногийн турш эмх замбараагүй байдалд орсон Засгийн газрын хоёр дахь том огцролт байв.
Трасс Их Британийн Дотоод хэргийн сайд Суэлла Браверманыг өөрийн хувийн цахим шуудангаар хууль тогтоогчид руу Засгийн газрын баримт бичгийг илгээсэн гээд энэхүү үйлдэл нь Засгийн газрын баримт бичигтэй холбоотой аюулгүй байдлыг зөрчсөн хэмээн үзэж ажлаас нь чөлөөлөв.
Браверман огцрох захидалдаа, Трассын засгийн газрыг сонгогчдод амласан амлалтаа зөрчсөн, ялангуяа цагаачлалыг зогсоож чадаагүй гэж буруутгажээ.
Өнгөрсөн баасан гаригт Лиз Трасс санхүүгийн зах зээлийг бужигнуулж, Британийн фунтын ханшийн уналтад хүргэсэн татварын огцом бууралтын архитектор байсан Сангийн яамны канцлер Кваси Квартенг мөн ажлаас нь чөлөөлсөн юм.
Их Британид хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн байна. Энэ өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь хүнсний үнэ байсан бөгөөд өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өссөн нь сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд хамгийн өндөр өсөлт болжээ.
Б.Бүжлхамаа