Казахстаны нийслэл Астана хотод болсон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын сүүлчийн өдөр буюу өчигдөр Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандаж үг хэлэхдээ "хүндэтгэлтэй хандахыг" шаарджээ.
Тэрээр "Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнууд ОХУ-ын ашиг сонирхлыг үргэлж хүндэтгэж ирсэн хэдий ч Кремлийн зүгээс зохих ёсны хариу хүндлэл хүлээж чадахгүй байна. Бид стратегийн гол түншийнхээ ашиг сонирхлыг үргэлж хүндэтгэсээр ирсэн. Бид ч бас хүндлүүлмээр байна. Би ЗХУ задрах үеийн хурал уулзалтуудад оролцож байсан. Тэр үед ч бас өнөөдрийнх шиг жижиг Бүгд найрамдах улсуудын ашиг сонирхлыг хайхардаггүй байсан. Намайг ингэж хэлж байгаад уучлаарай" гэсэн юм.
Ерөнхийлөгч Эмомали Рахмоны яриаг Казахстаны ерөнхийлөгч Токаев зогсоохыг оролдсон ч Рахмон "Бид энд ярилцах гэж л ирсэн" хэмээн яриагаа зогсоохоос татгалзаж, үргэлжлүүлсэн байна.
Тажикистаныг 30 орчим жил тасралтгүй удирдаж байгаа Эмомали Рахмон нь Путиний гол холбоотнуудын нэг юм.
Уулзалтын үеэр Казахстан, Киргизстан, Туркменистан, Узбекистаны ерөнхийлөгч нар Рахмоны үгийг чимээгүй чагнаж суусан бол Ерөнхийлөгч Путин таагүй хүлээж авч буй нь Youtube платформд тарсан бичлэгээс тодорхой харагдана.