CNN агентлаг "Кайзер" гэр бүлийн сантай хамтран АНУ-ын насанд хүрэгчдийн дунд судалгаа явуулахад дийлэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн хямралд өртөж байгаа хэмээн хариулжээ.
Судалгаанд хамрагдсан 10 насанд хүрсэн хүн тутмын 9 нь өнөөдөр АНУ-д сэтгэцийн эрүүл мэндийн хямрал нүүрлэж байна гэж үзэж байгаагаа хэлжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн зургаан асуудлын ноцтой байдлыг үнэлэхийг хүсэхэд, америкчууд мансууруулах бодисны тархалтыг дээд цэгт тавьж, хүмүүсийн гуравны хоёроос илүү хувь нь үүнийг "зөвхөн асуудал" гэхээсээ илүү "хямрал" гэж тодорхойлсон байна. Талаас илүү хувь нь хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг "хямрал", насанд хүрэгчдийнхийг "хүнд өвчин" гэж тодорхойлжээ.
Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн тухай ярихад судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн бараг тал хувь нь (47%) пандемик хүүхдийнх нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэж хариулсан бол 17% нь маш хурц сөрөг нөлөө үзүүлсэн гэж хариулжээ.
Судалгаанд мөн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авахад тулгарч буй саад бэрхшээлийг онцолсон бөгөөд Америкчуудын талаас илүү хувь нь (55%) АНУ-ын ихэнх хүүхэд, өсвөр насныхан шаардлагатай тусламжийг авч чадахгүй байна гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал, даатгалын компаниудын сэтгэцийн эрүүл мэнд, бие махбодийн эрүүл мэндийг нөхөх арга барилын ялгаа зэрэг нь томоохон асуудал гэдэгт америкчууд санал нийлдэг бөгөөд бараг гуравны хоёр нь даатгалд хамрагдсан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг байгууллагууд тус өвчинд шошго, нэр зүүж гутаан доромжилсон янзтай тусламж үзүүлж байгаа нь томоохон сорилт гэж үзжээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн хямралын үед тусламж авах тухай ярихад хүмүүс хаашаа хандах ёстой вэ гэсэн том асуулт гарч ирэв. Судалгаанаас үзэхэд 5 америк хүн тутмын 1 нь тэдний болон ойр дотны хүмүүсийн сэтгэцийн болон зан үйлийн эрүүл мэндийн хямралд орсон тул 911 рүү залгасан байна. Гэвч судалгаанд хамрагдсан 4 хүн тутмын 1-ээс илүү нь түргэн тусламж дуудах нь эдгээр нөхцөл байдлыг улам дордуулна гэж боджээ.
Улс орон даяарх туршилтын хөтөлбөрүүд нь сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг яаралтай тусламжийн үйлчилгээнд оруулах замаар туслахыг хичээж байна.
"Эмнэлгийн эмч нар бид сэтгэцийн эрүүл мэндийн талаар илүү их сургалтад хамрагдаж, үүнтэй тэмцэж буй хүмүүсийг үнэлдэг" гэж Сэтгэцийн эрүүл мэндийн лицензтэй эмч, HEART-ийн гишүүн Жордан Хайлер хэллээ.
Б.Бүжлхамаа