Өчигдөр Тайландын зүүн хойд хэсэгт байрлах хүүхэд асрах газарт гар буу, хутгаар зэвсэглэсэн цагдаагийн ажилтан асан халдаж, 36 хүний аминд хүрсэний 24 нь хүүхэд байжээ. Энэ нь Зүүн өмнөд Азийн улсад ганцаараа гэмт хэрэг үйлдэн, хамгийн олон хүний амь насыг хохироосон хэрэг болжээ.
Гэрчүүдийн хэлснээр, Утайсаван дахь Хүүхдийн хөгжлийн төвд халдсан этгээд 20 гаруй хүүхдийг буудаж, хутгалж, найман сартай жирэмсэн багшийг хутгалж амь насыг нь хөнөөсөн байна.
Албаныхны мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд дараа нь эхнэр болон өөрсдийн 4 настай хүүхдээ буудан хөнөөж, амиа хорлосон байна. Пүрэв гаригт болсон аллагын тоо 2020 онд автомат буугаар зэвсэглэсэн цэрэг цэргийн бааз, худалдааны төвд гарсан 29 хүний аминд хүрсэн халдлагаас давсан байна.
Зэвсэгт этгээд нь 34 настай Паня Камраб бөгөөд өнгөрсөн зургадугаар сард хар тамхи хадгалсан хэргээр баривчлагдсаныхаа дараа цагдаагийн албанаас халагдсан гэж Тайландын хааны цагдаагийн газар мэдэгджээ.
69 сая орчим хүн амтай, Буддын шашин зонхилсон Тайланд улс нь буу эзэмшилтээрээ Азидаа хамгийн өндөрт ордог ч АНУ-ынхаас хамаагүй доогуур байдаг. Тус улсад буутай хүн амины хэрэг Ази тивдээ хамгийн өндөр байдаг ч ийм олныг хамарсан халдлага ховор тохиолддог юм.
Б.Бүжлхамаа