Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нийслэл хотынхоо өмнөх нэрийг сэргээн хэрэглэх хуулийн төсөлд бямба гаригт гарын үсэг зуржээ. Ингэснээр өмнөх ерөнхийлөгчийн нэрийг түр хугацаанд аваад байсан Нур-Султан хот эргээд Астана нэртэй болов.
Токаев өөрөө 2019 онд анхны ерөнхийлөгч Назарбаевыг залгамжлахдаа нийслэл хотын нэрийг Нур-Султан болгон өөрчилсөн ч энэ оны эхээр Казахстанд гарсан иргэдийн бослого үймээний дараа тэр өмнөх ерөнхийлөгчөөс зай барих болсон байна. Энэ удаад парламентын хэсэг гишүүд Астана нэрийг сэргээх уриалга гаргасны дараа Токаев хуулийн төслийг өргөн барьж байжээ.
Мөн өдөр тус улсын ерөнхийлөгчөөр хоёр дараалан таван жилээр сонгогдож ажиллах хуулийн хязгаарыг өөрчилж, нэг удаа долоон жилээр сонгогдох хуулийг баталсан байна.
Казахстан улсыг Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласнаас хойш 30 орчим жил удирдсан Назарбаев 2019 онд өөрийн санаачилгаар огцорсон ч эрх мэдлээ хадгалсан хэвээр байв. Энэ оны зургаадугаар сард Токаевын санаачилсан бүх нийтийн санал асуулгаар Назарбаевын нэрийг үндсэн хуулиас хасаж, елбасы буюу үндэсний эцэг цолыг нь цуцалсан юм. Мөн өмнөх ерөнхийлөгчийн төрөл төрөгсөд, ойрын хүрээнийхнийг Казахстаны төрийн өндөр албан тушаалуудаас ээлж дараалан зайлуулаад байгаа.
Гэхдээ шүүмжлэгчид нь Токаевын шинэчлэлийг дарангуйлагч дэглэмийн өнгө зүсийг өөрчлөх төдий үйлдэл хэмээн дүгнэж байна.
Эх сурвалж: Radio Free Europe