Ирэх даваа гаригт /2022.09.19/ Лондонд болох Их Британийн хатан хаан II Элизабетын төрийн оршуулгын ёслолд дэлхийн олон орны удирдагчид, хаад, хатад оролцоно. Одоогоор оршуулгын ёслолд уригдах хүндэт зочдын нэрсийг гаргаж дуусаагүй байгаа тухай албаны эх сурвалж мэдээлжээ.
Гэвч нэг зүйл тодорхой болсон нь ОХУ, Беларусь болон Мьянмарын удирдагчдыг оршуулгын ёслолд урихгүй гэсэн байна. Орос, Беларусын ерөнхийлөгч нарыг урихгүй гэсэн нь Украинд явуулж буй дайнтай нь холбоотой бол Мьянмарын удирдагчийн хувьд муслим шашинтай хүн амын эсрэг явуулж буй харгислалаас болж жагсаалтаас хасагджээ.
Хааны ордны захиргаа засгийн газрынхаа зөвлөмж дээр үндэслэн урилгаа гадаад улс орнуудын удирдагчдад илгээх бөгөөд хатан хааны оршуулгын ёслолд нийтдээ 500 орчим гадаадын хүндэт зочныг урихаар төлөвлөжээ. Тэдний дотор Европын хаант засаглалтай орнуудын язгууртнууд, Японы эзэн хаан Нарүхито нар багтаж байна.
Эх сурвалж: CNN