Узбекистан улсын Самарканд хотод энэ сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт болно гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна.
Тэрээр Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ирэх долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа хэлсэн бөгөөд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарсан уулзалт хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владивосток хотноо болсон ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэр тус улсын ерөнхийлөгчид бараалхсан билээ. Энэ үеэр гурван талт уулзалт хийхээр тохиролцсон байна.
Монгол Улс 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статустай болсон ба 2019, 2020 онуудад Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтад цахимаар болон биечлэн оролцож байсан юм.