Мьянмарын армиас томилогдсон шүүх өчигдөр Аун Сан Су Чиг шинэ авлигын хэргээр буруутгав.
Аль хэдийн хэд хэдэн хэргээр 11 жил ял эдэлж байгаа огцруулсан иргэний удирдагчид шүүхийн шийдвэрээр зургаан жил нэмж, нийт 17 жилийн хорих ял үүрэхээр болжээ.
Цаашид дээд тал нь 122 жилийн ял оноох магадлалтай есөн зүйл ангиар шүүх хурал үргэлжлэхээр байна. 77 настай Нобелийн энх тайвны шагналт, ардчиллын нэгэн үеийн бэлгэ тэмдэг болсон Аун Сан Су Чиг сүүлийн 33 жилийн 17 жилийг нь голдуу гэрийн хорионд өнгөрөөсөн юм.
Өчигдрийн хэрэг нь түүний баривчлагдах хүртлээ удирдаж байсан байгууллагатай холбоотой газар, барилгын гэрээ хэлцэлд төвлөрсөн байна. Дэмжигчид нь түүнийг дуугүй болгохын тулд хууран мэхэлж байна гэж мэдэгджээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Мьянмарт Японы нэгэн сэтгүүлч, хоёр алдартай загвар өмсөгчийг мөн саатуулжээ.
Одоогийн байдлаар Аун Сан Су Чи 200 квадрат фут (ойролцоогоор 18 хавтгай дөрвөлжин метр) хэмжээтэй өрөөнд ганцаараа хоригдож байна. Өдрийн температур Фаренгейтийн 100 хэмээс хэтрэх боломжтой (ойролцоогоор 38 Цельсийн), гэхдээ тэнд ямар ч агааржуулагч байхгүй аж.
Мьянмарт өнөөдрийн байдлаар 12,000 орчим хүн цэргийн дэглэмийг эсэргүүцсэн хэргээр хоригдож байна. Өмгөөлөгчгүйгээр богино хугацаанд шүүх хурлаар олон хүн тамлуулж, ял авсан юм. Өнгөрсөн сард цэргийн удирдагч хунта ардчиллын төлөө тэмцэгч дөрвөн хүнийг дүүжилсэн. Үүнээс ажигдахад илүү олон хүн цаазаар авахуулах эрсдэлтэй байгааг харуулж байна.
Б.Бүжлхамаа