Европт байгалийн хийн эрэлтийг ойрын саруудад 15 хувиар бууруулах журам энэ сарын 9-нөөс мөрдөгдөж эхэллээ.
Энэ нь одоогоор “цэнхэр түлш”-ний хэрэглээг сайн дураараа хэмнэх төлөвлөгөө боловч Холбооны гишүүн орнуудын хувьд заавал авах арга хэмжээ ч болж магадгүй байна.
Европын Зөвлөлөөс Наймдугаар сарын 5-нд батлагдсан “Хийн эрэлтийг бууруулах арга хэмжээний тухай” хэмээх журмыг энэ олоо хоногийн эхээр Европын Холбооны албан ёсны сэтгүүлд нийтэлсэн байна. Тус сэтгүүлд нийтлэгдсэний дараа өдрөөс уг журам хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхлэх заалттай бөгөөд мөн нэг жилийн хугацаанд хүчинтэй хэрэгжих юм байна. Ийм шинэ журам баталж мөрдүүлэхийг Европын Холбооны гишүүн 27 улсын 25 нь дэмжиж, Польш, Унгар улсууд эсрэг санал өгчээ.
Шинэ журмаар Европын Холбооны хэмжээнд хийн хангамжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хий нийлүүлэлтэд үүсээд байгаа ноцтой хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, гарцуудыг тогтоож өгсөн. Энэ дагуу, гишүүн улс нэг бүр энэ оны наймдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд хийн хэрэглээгээ, үүнээс өмнөх 5 жилийн дундаж хэрэглээтэйгээ харьцуулахад 15-аас багагүй хувиар бууруулах хүчин чармайлт гаргах ёстой болж байна.
Тус журмын хэрэгжилтийг ирэх оны хавар Европын комиссоор нягтлан хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргахаар заажээ. Үүний зэрэгцээ улс бүр хийн эрэлтээ бууруулах хэмжээгээ өөрсдөө сонгон хэрэгжүүлэх юм байна. Гэхдээ, яваандаа энэ зохицуулалт, зайлшгүй дагаж мөрдөх журам болж магадгүй байна. Ямартай ч ирэх өвлийн наана улс орнууд хэрэглээгээ танах бодлогод ийнхүү шилжиж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг энэ хэмжээг бүр 20 хувьд хүргэх хэрэгтэй гэж зөвлөж байгаа аж.
Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын зэрэг амин чухал дэд бүтцийн байгууламжуудад, мөн хувь хэрэглэгчдийн хэрэглээг танахгүй, гагцхүү сайн дурын хэмнэлт хийхийг эхний ээлжид уриалж байна. Энэ хүрээнд тухайлбал, олон нийтийн байгууламжуудад хөргүүрийн систем эсвэл халаалтын горимыг багаар тохируулах, мөн цахилгаан эрчим хүч хэмнэх шаардлагатай болж байгаа аж.
Европын шинжилгээ үнэлгээний “Брюгель” компанийн тооцоолсноор, 2021 оны зургадугаар сараас хойших нэг жилийн хугацаанд Оросоос Европын Холбооны орнууд руу гаргадаг хийн нийлүүлэлт 60 хувиар буурчээ.
Эх сурвалж: MNB.MN