Хонконгийн Ocean Park амьтны хүрээлэнд амьдардаг Ан Ан нэртэй эрэгчин панда 35 насандаа үхлээ. Том панда нарын дундаас хамгийн өндөр настай түүний биеийн байдал сүүлийн долоо хоногуудад эрс муудаж байсан тул түүнд нэг мөсөн унтуулах тариа хийжээ.
"Ан Ан бүрэн дүүрэн амьдралыг туулан өөрийн 35 насандаа, хүнийхээр бол 105 хүрээд өнгөрлөө. Ан Ан бидэнд тааламжтай дурсгал, сэтгэл хөдөлгөм мөчийг үлдээсэн. Түүний ухаалаг, тоглоомтой агшин бидэнд дутагдах болно" хэмээн Ocean Park захиргааны мэдэгдэлд өгүүлжээ.
Энэ эрэгчин пандаг эмэгчин Цзя Цзягийн хамт Хятадын засгийн газар 1999 онд Хонконгийн засгийн газарт дипломат бэлэг болгон өгч байжээ. Ийм практик Хятадад их дэлгэрсэн ба бусад орнуудад өөрийн орны үндэсний баялаг гэгдэх хулсны баавгайг урт хугацааны түрээсээр өгдөг байна.
Ан Ан 2021 оны Хоёрдугаар сард
Ан Аны эмэгчин найз Цзя Цзя 2016 онд 38 настайдаа үхсэн байна. Тэр өнөөг хүртэл байгальд бус хүрээлэнд амьдарч байсан хамгийн хөгшин панда аж.
WWF мэдээлж буйгаар, хулсны баавгай нь байгальд 14–20 нас хүртэл амьдардаг. Панда нь 20 нас хүрээд үржил нь зогсч тэднийг хөгшинд тооцдог байна. Тийм амьтдад эрүүл мэндийн тухайлбал, даралт нь ихсэх явдал гарч ирнэ. Ан Ан мөн л өндөр даралттай болсон байжээ.
Сүүлийн өдрүүддээ Ан Ан бага идэж, их унтах болсон байв. Долоодугаар сарын 17-ноос тэр хатуу хоол идэхээ больж зөвхөн тэжээллэг ус л ууж байсан байна. Ингээд малын эмч нар түүнийг унтуулахаар шийдсэн гэнэ.
Өнөөдөр Ocean Park-т эмэгчин Ин Ин, эрэгчин Ле Ле хоёр амьдарч байгаа. Хосыг 2007 онд Хонконгийг Хятадын мэдэлд шилжсэний 10 жилийн ойгоор тус паркт бэлгэлжээ. Одоо тэд 16 нас хүрээд байна.
М.ЦОГТ