Европ даяар хуйхалж байгаа их халуун газар сайгүй ой, хээрийн түймрийг “галзууруулав”.
Sky News хэвлэлийн мэдээлснээр, Францын хушийн ой, мөн Португали, Испани, Грек, Унгар, Хорватад түймэр газар авчээ. Хүчтэй салхи, хэт халалт хөрсийг хатаасны улмаас хавар хугацаанасаа өмнө түймэр эхэлсэн ба үүний гол буруутан нь цаг уурын өөрчлөлт гэж сонин онцлон бичсэн байна.
“Хүлэмжийн хийн хаягдлыг тэглэх хүртэл буулгаагүй нөхцөлд ер бусын халууны үе үргэлжлэх болно” хэмээн Сорбонны их сургуулийн Пьер-Симон-Лапласын хүрээлэнгийн төлөөлөгч Роберт Воард тайлбарлав.
3000 гаруй гал сөнөөгчид Жиронда мужид ус асгаж буй онгоцнуудын тусламжтайгаар галтай тэмцэж байна. Тэдний гол зорилго нь аль болох олон байр сууцыг галын аюулаас хамгаалах болжээ. Францын өмнөд хэсэгт 10 мянга гаруй га түймэрт автжээ. Нийтдээ 14 мянган хүн галаас ослын хорогдох байранд шилжсэн байна. Тэнд ойрын үед агаарын хэм 41 градус хүртэл нэмэгдэнэ. Францын хойд хэсгээр агаар 35 градус болж байна.
Португалид мянга гаруй гал сөнөөгчид нутгийн хүмүүсийн хамт галтай тэмцэж, гамшигт хамгийн түрүүнд үрэгдсэн хүн нь галын онгоцны нисгэгч болжээ.
Испанид аврагчид 7400 га талбайг шатаасан хэд хэдэн түймрийг унтраахаар ажиллаж байна. Андалусийн өмнө хэсгээс 3000 хүнийг нүүлгэв. Мөн аянга буусны улмаас Лас-Хурдес районд түймэр газар авчээ. Сүүлийн өдрүүдэд хэт халуун байгаагаас 230 орчим испаничууд амь насаа алдсан байна.
Харин хойд Итали далан жилийн дотор хамгийн хүчтэй гантай нүүр тулж Турины орчмын По гол ширгэжээ.
М.ЦОГТ