Швед, Финланд улсуудын НАТО-д гишүүнээр элсэх яриа хэлэлцээ өндөрлөж, гишүүнээр элсэх тухай протоколд өчигдөр гарын үсэг зурлаа.
Одоо НАТО-гийн гишүүн 30 улсын хууль тогтоох байгууллага уг протоколыг нэг сарын дотор соёрхон батлах ёстой. Үүний дараа Швед, Финланд улсууд НАТО-гийн гишүүн болж, Хойд Атлантын гэрээний байгууллага НАТО 32 гишүүнтэй болж өргөжих юм. Гэхдээ энэ протоколыг Туркийн парламент соёрхон батлах эсэх нь хамгийн гол санаа зовоосон асуудал хэвээр байна.
Олон жил төвийг сахисан бодлого баримталж ирсэн Швед, Финланд улсууд Оросын Украинд хийж байгаа дайны нөлөөгөөр уламжлалт бодлогоосоо ухарч, өнгөрсөн 5 дугаар сарын 18-ны өдөр өрнөдийн цэргийн эвсэл НАТО-д гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан. Ингээд эдгээр улсууд Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад уригдаж оролцоно гэсэн хүлээлттэй байсан ч Турк улс гишүүнчлэх үйл явцад хориг тавьсан. Гэхдээ Туркийн ерөнхийлөгч Мадридын уулзалтын хүрээнд НАТО-гийн зуучлал дор Швед, Финланд улсуудтай зөвшилцөлд хүрч, гишүүнчлэх үйл явцад тавьсан хоригоо цуцалсан юм.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг: Өнөөдөр бид гишүүнээр элсэх тухай протоколд албан ёсоор гарын үсэг зурж байна. Энэ бол соёрхон батлах үйл явцын эхлэлтийг тавьж байгаа хэрэг юм. Бидний хамтын аюулгүй байдалд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа, хүсэл эрмэлзэлтэй Европын ардчилсан улс орнуудад НАТО-гийн үүд хаалга нээлттэй байгаа.
Гэхдээ Туркийн тал Швед, Финланд улсууд санамж бичигт тусгасны дагуу алан хядах ажиллагааны сэжигтнүүдийг шилжүүлж өгөх, зэвсгийн худалдааны хоригоо цуцлах зэрэг амлалтаа биелүүлэхгүй бол гишүүнчлэх протоколыг соёрхон батлахгүй гэдгээ мэдэгдсээр байна.
Тухайлбал өнгөрсөн 7 хоногт Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган парламент нь уг протоколыг соёрхон батлахгүй байж ч магадгүй гэж мэдэгдсэн юм. Швед, Финланд улсууд НАТО-г түших нь НАТО-гийн ОХУ-ыг тусгаарлах стратегийн зорилтыг улам өргөжүүлэх болно гэж шинжээчид үзэж байна.
Швед, Финланд хоёр НАТО-д гишүүнчилснээр геополитикийн хувьд НАТО ОХУ-тай илүү их газар нутгаар шууд хиллэх, НАТО-гийн стратегийн орон зай зүүн тийш өргөжин тэлнэ гэсэн үг юм. ОХУ-ын хувьд НАТО-гийн зүүн тийш тэлэх бодлогыг эрс эсэргүүцэж ирсний зэрэгцээ, НАТО-гийн тэлэлт Украинд дайн хийх урьдчилсан нөхцөл болсон гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа юм.
MNB.MN