Өмнөд Солонгосын эрх баригчид өчигдөр сармагчны салхинцэцэг өвчний анхны тохиолдлуудыг илрүүлснээ зарлажээ.
Тус улсад гадаадаас ирсэн хоёр хүнээс сармагчны салхинцэцэг өвчний вирус илэрсэн байна.
Энэ сарын эхээр тус улс сармагчны цэцэг өвчнийг хоёрдугаар төвшний халдварт өвчний ангилалд албан ёсоор бүртгэсэн юм. Уг өвчин нь ковид, холер, салхин цэцэг зэрэг бусад 22 халдварт өвчинтэй нэг ангилалд орсон байна.
Мөн Сингапур улсад анхны тохиолдол бүртгэгджээ. Тус улсад бүртгэгдсэн тохиолдол нь нисэх онгоцонд үйлчлэгчээр ажиллаж байсан 42 настай эрэгтэй юм байна.
Өвчтөн одоо Сингапурын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. Түүнтэй хавьтал болсон 13 хүнийг илрүүлэн хамгийн сүүлд уулзсанаас нь хойш 21 хоногийн хугацаатай тусгаарласан байна.
Одоогоор сармагчны салхинцэцэг өвчний халдварын нийт 2500 гаруй тохиолдол дэлхийн 35 улсад бүртгэгдээд байна.