Найман жилийн өмнө Өмнөд Солонгосын баруун өмнөд эргийн ойролцоо Суволь хөлөг онгоц живсэн билээ. Ослоор 300 гаруй хүн нас барсны дотор Ансан хотын ахлах сургуулийн 250 сурагчид байсан юм.
Тухайн үед Өмнөд Солонгосын иргэд амь үрэгдэгсдийн ар гэрийнхний эргэн тойронд хурдан цугларч, хариуцлага тооцож, нөхөн төлбөр олгохыг шаардан жагсаал хүртэл зохион байгуулж байв. Гэвч төд удалгүй шүүмжлэгчид тэдний эрэл хайгуул, тэмцлийг засгийн газрын эсрэг кампанит ажил гэж доромжлон зогсоосон. Тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч эцэг эхчүүд эмгэнэлтэй эвлэрэх гэж тэмцсээр байна.
Наад зах нь гурван эцэг эх амиа хорлож нас баржээ. Зарим гэр бүл салсан, ганцаараа гашуудах гэж нүүсэн ажээ. Зарим нь нэгдэж, музей болгосон ангийг сэргээн засварлаж, хүүхдүүдийнхээ дурсамжийг босгосон. Нэгэн ээж хэзээ нэгэн цагт хүү нь дахин залгах юм шиг санаж хүлээгээд хүүгийнхээ гар утасны төлбөрийг төлсөөр байгаа гэжээ.
Уг онгоцны сүйрэл шунал, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй. Энэхүү эмгэнэлт үйл явдалд 150 гаруй хүнийг буруутгасан байдаг. Завь живэх үед загасчид болон тоног төхөөрөмж муутай аврагчид цонхыг хагалах гэж улайран оролдсон улмаар хагарсан цонхоор ус дүүрч онгоц бүхэлдээ живсэн. Дараа нь онгоцны сүйрлээс гаргаж авсан гар утсанд хүйтэн давалгаа бүхээгийг дүүргэх үед хүүхдүүд эцэг эхтэйгээ салах ёс гүйцэтгэсэн бичлэгүүдийг олж, эцэг эхчүүдэд нь үзүүлжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com