Техас мужийн Увалде, Нью-Йоркийн Баффало хотод болсон масс аллага буюу сургуулийн сурагч хүүхдүүдийн амь насаа алдсан хэргээс хойш зөвхөн энэ жил гэхэд 200 гаруй хүн бууны суманд өртөж амиа алджээ. Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчид амьд үлдсэн хүмүүс, хохирогчдын гэр бүлийн гишүүд болон шинжээч, гэрчүүдийн мэдүүлгийг сонслоо.
Увалде хотын бага сургуульд амь үрэгдсэн Лекси охины ээж Кимберли Рубио хууль тогтоогчдоос AR-15 гэх мэт цэргийн загварын винтов худалдаж авах насыг 21 болгохыг уриалсан байна. Тэрээр "Зарим хүмүүст, мөнгөтэй хүмүүст, улс төрийн кампанит ажлыг санхүүжүүлдэг хүмүүст яагаад ч юм буу хүүхдүүдээс илүү чухал байна" гэсэн юм.
21-ээс доош насны хүмүүст хагас автомат буу худалдахыг хориглох, 10-аас дээш сумтай магазин зарахыг хориглох тухай хуулийн багц хязгаарлалтын талаар санал хураалт явуулахаас хэдэн цагийн өмнө гэрчүүд үгээ хэлжээ. Сенатын хэлэлцээчид сэтгэцийн эрүүл мэнд, сургуулийн аюулгүй байдлыг шийдвэрлэх нарийн тохиролцоонд хүрч, 21-ээс доош насны буу худалдан авагчдад хамгаалалт тавихаар ажиллаж байна.
Одоо Конгресст хэлэлцэж буй бууны дөрвөн гол санал нь 1999 оноос хойш дор хаяж 35 удаа олноор буудсан хэрэгт өөрчлөлт авчирч болохыг Times онцолжээ. Арав гаруй жилийн турш Ардчилсан намын санал болгосон хязгаарлалтууд Конгрессоор дэмжиж чадаагүй. Харин Бүгд найрамдахчуудаас ихэнх нь энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэхээс татгалзсан бөгөөд энэ арга хэмжээг эсэргүүцнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com