Их Британи улс харилцан туслалцах буюу нэгнээ хамгаалха тухай гэрээг Швед, Финланд улсуудтай байгууллаа.
Ингэснээр Их Британи Швед, Финланд улсуудыг НАТО-д элсэх тухайгаа зарлахаас эхлээд гишүүн болох хүртэлх хугацаанд аюулгүй байдлыг нь хангах бүрэн үүрэг хүлээж байна.
Гэрээгээр талууд тагнуулын мэдээлэл солилцох үйл ажиллагааг эрчимжүүлэх, цэргийн хамтарсан сургуулилтын давтамжийг нэмэгдүүлэх, кибер халдлагын эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх гэнэ.
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хоёр улсад айлчлах үедээ аюулгүй байдлын шинэ гэрээнд тус тус гарын үсэг зуржээ.
Их Британи улс Швед, Финланд улсуудтай батлан хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд тус бүс нутагт хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг болон нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг байрлуулах санал тавихаар төлөвлөж байгаа аж.
Энэ талаар Ерөнхий сайд Борис Жонсон "Бидний хэн хэнд нь гамшиг тохиолдсон эсвэл гаднаас халдсан нөхцөлд бид биендээ туслах болно. Ялангуяа цэргийн туслалцаа үзүүлнэ. Гэхдээ мэдээж тусламжийн мөн чанар нь нөгөө талын хүсэлтээс хамаарах юм" гэлээ.
Харин Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё "Бидний хувьд НАТО-д элсэх нь хэний ч эсрэг зүйл биш. Бид аюулгүй байдлаа улам баттай болгохын тулд НАТО-д элсэх гэж байгаа юм. Финланд аюулгүй байдлаа илүү сайн хангаж чадлаа ч бусдын аюулгүй байдалд ямар ч аюул учруулахгүй" гэжээ.
Төвийг сахиж, цэргийн эвсэлд нэгдээгүй олон жилийн түүхтэй Финлянд, Швед улсууд НАТО-д элсэхэд нэг жил ба түүнээс дээш хугацаа шаардагдах бөгөөд энэ хооронд Оросын өшөө авалтад өртөх магадлалтай юм. Иймд Ерөнхий сайд Борис Жонсон энэ орон зайг нөхөж, халдлагад өртвөл тэднийг хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.