Олон улсын Олимпын хороо (ОУОХ) дэлхийн боксын спортыг зохицуулах байгууллагаар World Boxing-ийг түр хугацаанд хүлээн зөвшөөрснөө зарлалаа.
ОУОХ-ны мэдээлснээр World Boxing нь таван тивийг төлөөлсөн 78 боксын холбоог нэгтгэсэн бөгөөд спортын салбарт шаардлагатай бүтцийг бүрдүүлж, ёс зүйн дүрэм, авлигын эсрэг бодлого зэрэг баримт бичгүүдийг баталсан байна.
Мөн Дэлхийн сэргээшийн эсрэг дүрэмд нэгдэж, Олон улсын сэргээшийн эсрэг агентлагтай гэрээ байгуулан, Спортын арбитрын шүүхийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн нь тус холбоог хүлээн зөвшөөрөх гол үндэслэл болжээ.
IBA болон World Boxing-ийн зөрчил
2023 оны зургаадугаар сард ОУОХ Олон улсын боксын холбоо (IBA)-г Олимпын хөдөлгөөнөөс хассан бөгөөд Парис-2024 олимпын боксын тэмцээнийг өөрийн хяналтад авсан.
IBA-г 2020 оноос хойш Оросын иргэн Умар Кремлев удирдаж байгаа бөгөөд тус холбоо Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулах хоригийг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ нь АНУ, Их Британи, Швед, Герман, Нидерланд зэрэг улсуудын эсэргүүцэлтэй тулгарч, тэд IBA-гаас гарч World Boxing холбоог үүсгэн байгуулжээ.
Эх сурвалж: ТАСС