АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт шинэ төрлийн “Алтан карт” хөтөлбөрийг танилцуулж, 5 сая долларын үнэтэй оршин суух зөвшөөрлийг худалдахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв. Энэхүү карт нь уламжлалт ногоон картын өндөр үнэтэй хувилбар байх бөгөөд ажил эрхлэлт нэмэгдүүлэх, улсын төсвийн алдагдлыг бууруулахад чиглэж буйг тэрбээр онцолсон байна.
Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Бид алтан карт зарах гэж байна. Энэ бол ногоон картын шинэ шатлал. Бид түүний үнийг 5 сая доллараар тогтооно” гэж хэлжээ.
Шинэ картын онцлог, боломж
- АНУ-д оршин суух болон иргэншил авах боломж олгоно.
- Ажил эрхлэх, компани байгуулах эрх эдлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Нэг сая ширхэг ийм карт борлуулах төлөвлөгөөтэй.
- Өргөдөл гаргагчдыг нарийн шалгаж сонгон шалгаруулна.
Трампын мэдэгдсэнээр, энэ хөтөлбөр АНУ-д амьдрахыг хүссэн чинээлэг хүмүүст хамаарах бөгөөд тэд ажлын байр бий болгож, бизнес эрхлэх боломжтой байх ажээ. “Олон хүн манай улсад амьдрахыг хүсэж байна. Тэд ажил олгож, хөрөнгө оруулалт хийх чадвартай” хэмээн тэр дурджээ.
Оросын олигархиудад боломжтой эсэх
Трамп Оросын чинээлэг хүмүүс “Алтан карт” авах боломжтой эсэхийг асуухад боломжтой гэж хариулжээ. “Би Оросын зарим олигархийг сайхан хүмүүс гэж мэднэ. Тэд өмнөх шигээ баян биш ч таван сая доллар төлөх чадвартай гэж бодож байна” хэмээн тэр хэлсэн байна.
Төсвийн алдагдлыг бууруулах боломж
АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник энэхүү картын орлогоор улсын төсвийн алдагдлыг бууруулах боломжтойг онцолсон бол Д.Трамп уг картыг өөрийнхөө нэрээр нэрлэх хувилбар ч байж болохыг дурдсан байна.
Трамп сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Оросын эсрэг хоригийг цуцлах асуудлыг одоогоор хэлэлцээгүй гэдгийг тодотгожээ.
Эх сурвалж: AFP