П.И.Чайковскийн “ЦӨМӨӨХЭЙ” балет Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-ын тайзнаа нээлтээ хийлээ. Дуурийн театрын бүх шилдгүүд олон арван хүүхэд багачуудын хамтран бүтээсэн “Цөмөөхэй” балет ийн 11 дэх жилдээ Монголын үзэгчдэд хүрч, сонгодог урлагаар хичээллэгч, сонирхогч хүүхдүүд, үзэгчдэд урам зориг, баяр баясал, гүн сэтгэгдэл, хариуцлага, мэдрэмж нэмэн, хөшгөө нээлээ.
"Цөмөөхэй” балетын гол дүрд
- Клара охин - Э.Марал
- Цөмөөхэй - Балетын гоцлооч Х.Галтулга (МУСТA)
- Амттаны дагина - Тэргүүн гоцлооч Б.Саруул (МУГЖ)
- Хатагтай Сильберхаус - Балетын гоцлооч Б.Халиунаа
- Ноён Сильберхаус - М.Од (МУСТА
- Дроссельмайер - Э.Эрдэнэжаргал
- Баавгай - Балетын бүжигчин Г.Дөлгөөнням
- Хүүхэлдэй - Б.Ундралсайхан
- Харлекүйн - О.Хувьтөгөлдөр
- Цасан хатан - Тэргүүн гоцлооч О.Анужин (МУГЖ)
- Цасны хаан - Б.Дөлгөөн
- Шүүдрийн дусал - Б.Марал (МУСТА) нар тоглолоо.
"Цөмөөхэй" хэрхэн өрнөх вэ?
1835 оны шинэ жилийн баярын өмнөх орой: Цасан бударсан өвлийн үдэш, цахим хүйтэн шинэ жилийн өмнөх орой Дросселмайер уран дарханы газартаа Цөмөөхэй хүүхэлдэйн сүүлийн будгийг түрхэж дуусна. Харин гадаа жиндүүхэн гудамжаар хотын иргэд шуугилдан холхилдоно.
Нэгдүгээр үзэгдэл
Ноён Сильберхаусын гэр бүл шинэ жилийн баярын үдэшлэгтээ найз нөхөд, хамаатан саднаа хүлээж авахад бэлдэцгээнэ. Эцэг эх нь шинэ жилийн гацуур чимэглэж байх хооронд гэрийн асрагч ахайтан Сильберхаусын хүүхдүүд болох Клара, Фриц хоёрт анхаарал тавина.Сильберхаусын гэр бүл уригдсан зочидтой мэндчилж, үзэсгэлэнтэй чимэглэсэн гацуурынхаа гэрэлтүүлгийг асаана. Баяр цэнгээн үргэлжилж, Сильберхаус зочдоо бүжигт урина. Гэнэт оройтож ирсэн нэгэн зочныг зарласан нь цугларсан зочид, ялангуяа хүүхэд, багачуудыг сэргээнэ. Кларагийн загалмайлсан эцэг, Сильберхаусын гэр бүлийн дотны найз, авга ах Дросселмайер ирсэн нь тэр ажээ. Тэрээр хурэлцэн ирсэн зочдыг өөрийн бүтээсэн гар урлал, механик бүжигчин хүүхэлдэйнүүдээрээ алмайруулан баясгана. Клара бүжигчин болох мөрөөдөлтэй тул бүжигчин хүүхэлдэйд маш ихээр дурлах аж.Дросселмайер Кларад өөрийн тусгай бэлэг болох цэрэг хувцастай ер бусын Цөмөөхэй хүүхэлдэйг бэлэглэнэ. Фриц эгчдээ атаархаж, хүүхэлдэйг хулгайлж авахаар найзуудтайгаа хуйвилдана. Тэрээр зальтай нь аргагүй сэмхэн гэтэж, байгаад Кларагаас Цөмөөхэйг булааж авахыг оролдоно. Хүүхдүүд хүүхэлдэйг булаацалдан тэмцэлдсэн ч эцэст нь Фриц ялж, Цөмөөхэйг аван газар шиднэ. Клара маш их харамсан гутрахад ноён Сильберхаус хүүгээ зэмлэнэ. Дросселмайер Цөмөөхэйн гэмтлийг шинжээд илбэ шид бүхий хэд хэдэн хөдөлгөөн хийсний дараа хүүхэлдэйг Кларад эргүүлэн өгнө.Сильберхаус зочиддоо бүжиглэхийг санал болгосноор бүгд түүнтэй нэгдэнэ. Цаг орой болж, зочид ч салах ёс гүйцэтгэн явцгаана. Гэрэл унтарч, Сильберхаусын гэр бүл өвлийн урт шөнө амрахаар хэвтэцгээнэ.
Шөнө дунд ойртох үед Клара хайрт Цөмөөхэйгөө харахаар өлмий дээрээ гишгэн өрөөнд чимээгүйхэн орж ирнэ. Хүүхэлдэйг аюулгүй байгааг хараад сэтгэл амарч, буйдан дээр нойрсохоор хэвтэнэ. Клараг нүдээ анимагц нэгэн хулгана гарч ирнэ. Тэр мөчид хуучин өвөөгийн цаг 12 цохиж Клара цагийн чимээгээр сэрээд өрөөгөөр нь олон хулгана гүйлдэж байхыг харан гайхна. Тэрээр Цөмөөхэйгөө тэврээд буйдан дээр суун хорогдоно. Гэнэт Дросселмайер гарч ирэн Клараг тайвшруулж, хулгануудыг үргээнэ. Гэвч адал явдал үүгээр дууссангүй. Өрөөний хананууд өөрчлөгдөж эхлэн шинэ жилийн гацуур мод аварга том болж хувирна. Үүнтэй ижил Цөмөөхэй ч гэсэн өсөн том болж хувиран Клараг гайхшрууллаа.Хулганы хаан гарч ирэн Цөмөөхэйг тулаанд дуудна. Хулганы хаан давамгайлж эхлэх шиг болоход Клара шаахайгаа тайлан түүний толгой руу шиднэ. Цөмөөхэй ч боломжийг ашиглаж, хорон санаат Хулганы хааныг устгана. Дросселмайер дахин гарч ирж, сүүлийн илбэ шидээ хийж, Цөмөөхэйг сэтгэл татам Ханхүү болгон хувиргана. Ханхүү Клараг дагуулан Цасны оронг гаталж, Амттангуудын хаант улсыг зорихоор аялалд гарна.
Хоёрдугаар үзэгдэл
Дросселмайерын илбэ шид үйлчилсэн хэвээр.., Клара, Ханхүү хоёр Амтатны дагины захирдаг чамин тансаг Амттаны хаант улсад ирнэ. Ханхүү Амтатны дагинад хулгануудтай хийсэн тулааныг дүрслэн үзүүлж, Клараг хэрхэн зоригтойгоор Хулганы хааныг хашраасныг ярьж өгнө. Хаант улсын иргэд Кларагийн зоригийг гайхан биширч, түүнд зориулж олон янзийн гайхамшигт аялгуут бүжиг хийцгээх бөгөөд Амтатны дагина, сэтгэл татам Ханхүү хоёрын хослон бүжгээр оргилдоо хүрнэ. Тэдний бүжиг дууссанаар Кларагийн адал явдал өндөрлөсөн ч, Кларагийн зүүд үргэлжилсээр...
- Дэглэн найруулсан: Д.Алтанхуяг (МУГЖ)
- Удирдаач: Т.Гэрэлцэцэг (СТА)
- Хөтлөх найруулагч: Т.Ганбаяр
- Симфони найрал хөгжим
- Оролцон тоглосон: Шалгаруулалтад тэнцсэн хүүхэд, багачууд
УДБЭТ-ын уран бүтээлчид болон авьяаслаг хүүхэд багачуудын хамтран толилуулж байгаа “Цөмөөхэй” балетын зүгээс Үзэгчдийн хүсэлтээр нэмэлт тоглолтууд зарлахаар болсныг дуулгахад таатай байна.
Тасалбарыг ticket.mn болон УДБЭТ-ын кассаар худалдаалж байна.