Нью Йоркийн Их Сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн профессор, нийгмийн танигдахуй, ёс суртахуун судлалын лабораторийн эрхлэгч доктор Jay Van Bavel-тай ярилцлаа. Энэ эрхмийн сүүлд гаргасан POWER OF US ном тун удахгүй монгол хэлээр орчуулагдаж хэвлэгдэж та бүхний гар дээр очно.
Хүмүүсийг юу нэгтгэж бас юу салган бутаргаж дайсан болгодог юм бол? Хамтын үнэ цэн гэж юу вэ? Хувь хүний болон бүлгийн, улсын ондоошил эсвэл ижилсэл юун дээр тогтдог вэ зэрэг олон сонирхолтой асуултанд хариулсан номыг монгол хэлээр гаргах ажилд нэг баг болж оролцсондоо баяртай байна. Энэхүү номын орчуулгыг Б.Номин хийж миний бие редактороор ажиллав. United Business Review тун удахгүй хэвлээд та бүхний гар дээр хүргэнэ. Хэдхэн хоногийн өмнө энэхүү номын зохиогчтой нь Нью Йорк хотод уулзан танилцаж номон дээр нь гарын үсгийг нь авч, Бизнес Академи-ийн Harvard Manage Mentor хөтөлбөрийн хүрээнд лекцийг нь сонсох завшаан тохиосон. Jay Van Bavel доктор бол New York University-ийн сэтгэл болон тархи судлалын тэнхимийн профессор бөгөөд нийгмийн сэтгэлзүйгээр мэргэшсэн эрдэмтэн юм. Дараах хоёр зүйлийг захив.
1. Монгол Улс 3,5 сая хүнтэй НЭГ БАГ ХАМТ ОЛОН гэдгээ байнга санаж ажиллах ёстой. Энэ багийг тэгвэл юу нэгтгэж чадах вэ?
2. “Би хэн бэ” гэж өөрөөсөө асуухаас илүүтэйгээр “Би хэн болохыг хүсч байна вэ”, “Бид хамтдаа хаашаа явах ёстой вэ”гэдэг асуултанд заавал хариулаарай гэв.
Цааш нь жаахан дэлгэрүүлбэл, хүмүүс өөрсдийгөө нийтлэг хувь тавилантай гэдгээ хүлээн зөвшөөрөх үед хамтран ажиллаж чаддаг. Адилхан нөхцөл байдалд ороод, адилхан хувь тавиланг туулна гэдгээ ойлгосон үед тэд гар нийлж чаддаг. Хэн нэгэнд итгэж болох эсэхээ шийдэх олон арга бий. Хоёр биенээ таньж мэдэхэд хангалттай удаан хугацаанд харилцаатай байх нэг арга байна. Хууль ёсны гэрээ хийх бас нэг арга байна. Харин гурав дахь нь нэгдмэл танигдахуйтай (shared identity) байх юм. Гэвч бид харахыг бас сонсохыг хүссэн зүйлээ л харж сонсдог. Бид аливаа зүйлийг байгаагаар нь хардаггүй. Бид түүнийг өөрсдийнхөөрөө хардаг. Ийм учраас улстөрчид, бизнесменүүд, зарим манлайлагчид хүмүүсийн танигдахуйг нь идэвхжүүлэх замаар тэднийг хялбархан удирддаг. Нийгмийг талцуулж, дайсан үүсгэж, түүнийг дарах маягаар улс төрийн эрх мэдлийг олж авах бүх цаг үеийн хамгийн шалгарсан стратеги юм. Ингэж хүний тоглоом бид болох ёсгүй ажээ.
Итгэл үнэмшилтэйгээ зөрчилдөх үед, эсрэг нотлох баримт гарч ирэх үед хүн итгэл үнэмшлээ өөрчилж чадахгүй байх нь элбэг. Хүмүүс яагаад худал гэдгийг нь мэдсээр байж бусдыг дагадаг юм бэ? Энэ нь хүн бусадтай таагүй харилцаа үүсгэх, гадуурхалд өртөхөөс сэргийлэн бусадтай эв эеэ олох гэсэн хүслээс үүдэлтэй байдаг. Бид сүргийн сэтгэхүйтэй, ухаалаг амьтад биш. Гэхдээ ухаалаг байж чадна. Учир нь хорвоо ертөнцийг ойлгож, амжилттай урагшлахад шаардлагатай бүх мэдээллийг нэг хүн дангаараа мэдэж, өөртөө хадгалж чадахгүй. Мэдлэг бол бидний толгой доторх зүйл биш харин хоорондоо хуваалцаж буй зүйлс юм. Хүн ганцаараа бол хийсвэр байдлаас бодит баримтыг ялгаж чадахгүй. Бүх хүн худал хуурмагийг хүлээн зөвшөөрсөн цагт тэр нь бодит байдал болж хувирдаг.
Энэ номны надад хүрсэн гол мессеж нь манайлалтай холбоотой байв. Дээрх судлаачдын үзэж буйгаар хүмүүсийн дээрх онцлог шинж нь хоёр төрлийн танигдахуйг дэмждэг. Эхнийх нь хувь хүнд чиглэсэн манлайлал. Энэ нөхцөлд хувь хүн өөрийн “сүргээ” бий болгож, улмаар вакуумд орж нийгмээсээ тасардаг. Хоёр дахь нь бүлэгт чиглэсэн манлайлал. Энэ үед тухайн хүн эв санааны нэгдэлтэй, бүлэг нийтээрээ нийтлэг зорилгын төлөө чиглэсэн хүчтэй нийгмийн танигдахуйг бий болгохыг зорьдог. Иймээс бүгдээрээ би биш БИД гэж ярьж, бичиж, ажиллаж, амьдрах ёстойг энэ ном өгүүлнэ.
Бид хоёрын ярилцлагыг хүлээн авна уу!
Номоо та яагаад “Хамтын хүн” гэж нэрлэсэн бэ? Ямар гол мессежийг уншигчдад өгөхийг зорив? Хувь хүн, улс үндэстний тодотгол, амин чанар, ондоошил, ижилсэлийн үнэ цэн юунд оршдог вэ?
Хүн бусадтай хамтарч чадвал сэтгэлзүйн хувьд нэгдмэл чанарыг олж ямар том агуу бас аймшигтай зүйлсийг хийж чаддаг болохыг энэ номоор дамжуулан хүмүүст мэдээлэхийг хүссэн. Ихэнх хүмүүс хамтын хүч, хувь хүний үнэт зүйл, нийгмийн танигдахуй, нэг цул болоод ажиллавал ямар том эерэг нөлөөг нийгэмдээ үзүүлж чадах талаар ойлголт муутай байдаг. Энэ номоор дамжуулан бидний дотор ашиглаж чадвал ямар том эерэг хүч агуулагдаж буйг уншигчдад мэдрүүлэхийг зорьсон.
Хүмүүсийг ер нь юу нэгтгэж, эсрэгээр юу хагалан бутаргадаг юм бэ? Хүн төрөлхтнийг нэгтгэх дундын үнэт зүйл нь юу вэ?
Хүмүүс ямар ч нөхцөл байдалд, ямар ч үйлийн төлөө хамтран ажиллах бүрэн чадавхтай. Жишээлбэл, шинэ технологи гаргахаас эхлүүлээд мэдлэг мэдээллээ хоорондоо хуваалцах, ядарсан нэгэндээ туслах гэх мэт. Иймээс биднийг юу талцуулан бутаргаж, туйлшруулан хувааж байна гэхээс илүүтэйгээрээ юу та биднийг нэгтгэг цул болгож байнэ вэ гэдгийг анзаарах ёстой. Үүнийг мэдэж чадвал маш олон эерэг өөрчлөлтийг хийх боломжтой. Наад зах нь бид ямар улс үндэстэн, ёс заншилтай байхаас үл хамааран бие биенээ хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, хамтран ажиллаж чадна. Энэ бол хүний мөн чанарын хамгийн хүчирхэг тал нь юм.
Хамтын хүч гэдгийг та номондоо хэрхэн тодорхойлсон бэ? “Би” гэдгээс “Бид” гэдэг рүү хэрхэн шилжих ёстой вэ?
Аливаа хүн нийгмийн аль нэг бүлэгт хамаарагдах үедээ л “Би”-гээ хаяж “Бид” гэж эхэлдэг. Энэ нь өөрөө хүмүүс хоорондоо хамтран ажиллах, нийтлэг үнэт зүйлээрээ нэгдэж том зорилгын төлөө ажиллах, бие биенээ дэмнэн амьдрах гүүр болдог. Хүн эсвэл бүлэг хоорондын хамтын ажиллагааг өдөөхийн тулд эхлээд тэр хүмүүсийг холбон нэгтгэж буй үнэт зүйлийг олох ёстой.
Хүмүүсийн хамтын хүч ямар нөхцөлд сөрөг үр дагаварыг гаргадаг вэ? Нийгмийн манлайлагч, удирдагч хүмүүс энэ нөхцөл байдалд хэрхэх ёстой бол?
Харамсалтай нь хүмүүсийн хамтын хүчийг ашиглан аймшигтай зүйлсийг хийдэг удирдагчид бий. Энэ нь явсаар байгаад бусдыг ялгаварлан гадуурхах, хяхан хавчих, улмаар культ буюу буруу гарын шашны удирдагч мэт болон хувирдаг. Ёс зүйгүй, буруу манлайлагчид хүмүүсийн үнэт зүйлийг буруугаар ашиглан, тэднийг эвлэлдэн нэгтгэх биш эсрэгээр бие биенийх нь дайсан болгож талцан хувааж, сэтгэл зүйн дарамт үүсгэх замаар хүчирхийлэл, бусдыг ялгаварлан гадуурхах зэрэг ёс бус, хууль бус үйлдлийг нийгмийн хэм хэмжээ болгож чаддаг. Иймээс энэ мэт хүмүүсээр тархиа угаалгахгүй байхын тулд олон эх сурвалжаас мэдээлэл авах, өөрийн толгойгоороо задлан шинжилж дүгнэлт гаргах чадвар, буруу зүйлсийг эсэргүүцэх, бусдыгаа доромжлохыг зогсоох зориг маш чухал.
Хувь хүн хэрхэн нийгмийн “амьтан” болдог вэ? Нийгмийн аль нэг бүлэг орсноор хувь хүний илтгэл үнэмшил, үг, үйлдэл хэрхэн өөрчлөгддөг вэ?
Нийгмийн харъяалал, нийгмийн харилцаа хувь хүний ажил, амьдралд мянган янзаар нөлөөлдөг. Бид цаг үргэлж гэр бүлийн гишүүд, найз нөхөд, ажлын хамт олныхоо харилцаан дээр суурилж өөртөө болон өрөөлд хэрэгтэй байхын тулд ажиллаж амьдардаг. Өнөөдрийн техник, технологийн гайхалтай нээлт, амжилт ололтууд бол ердөө хүн төрөлхтөн хоорондоо хамтран ажилласны үр дүн юм шүү дээ. Хувь хүн нийгмийн шинэ бүлэгтэй танилцан холбогдох бүртээ ертөнцийг үзэх үзэл, сонирхол, хобби, үнэт зүйл, итгэл үнэмшил, үг үйлдлээ тэлдэг.
Орчин цагийн технологи, сошиал медиа хүмүүсийн танигдахуй, тодотгол, хоорондын харилцааг хэрхэн өөрчилж байна вэ?
Технологи, сошиал медиа үнэхээр та бидний уламжлалт харилцааг өөрчилж байна. Өнөөдөр дэлхийн 5 тэрбум хүн интернэтэд холбогдож, өдөр тутам сошиал медиагаар хоорондоо харилцаж, үнэт зүйл нэгтэй бүлгээ олж нэгдэхээс гадна өөрсдийн танигдахуйгаа нийтэд зарлан таниулж байна. Мэргэжлийн сэтгэл судлаачдын хувьд бид энэхүү тренд хувь хүнийг тодорхойлох хүчин зүйлс болон нийгмийн танигдахуйд хэрхэн нөлөөлөхийг судалж, бүрэн утгаар нь ойлгохыг хичээж байгаа. Гэхдээ харамсалтай нь сөрөг мэдээ, мэдээллийг сошиал медиа ашиглан нийгэмд түгээх нь хамгийн “амжиллтай” арга гэдэг нь батлагдаад байна. Иймээс энэ технологийг ашиглан нэгнээ ялгаварлан гадуурхах, хүмүүсийг туйлшруулан нийгмийг хуваах, бусдыг үзэн ядах сэтгэлгээг өдөөх эрсдэлтэй.
Хүн хоорондын зөрчлийг шийдвэрлэх шалгарсан арга юу вэ? Амжилттай удирдагчид бүлэг хоорондын зөрчлийг нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрхэн шийдэж чаддаг бол?
Цорын ганц арга бий. Тэр нь зөрчилдөж буй бүлгүүдийн дундын үнэт зүйлийг олж, тухайн бүлгүүдэд хамаарагдаж буй гишүүн болгон нэгэн зорилгын төлөө амжилт гарган нэгдэн ажиллах гарцыг олох юм. Үүнийг олж чадвал хүмүүс хоорондоо маш хурдан эвлэлдэн нэгдэж чаддаг. Амжилттай ажиллаж чадвал хүн болгон багийн нэг гишүүн болж, хамтаараа цул болж хүчирхэгждэг. Ингэж чадсан удирдагчид бүлэг хоорондын зөрчлийг хялбархан шийдэж, ялгаатай үзэл бодолтой хүмүүсийн хооронд гүүр болж, нийгмийг сэдэлжүүлэн урамшуулж хөгжүүлж байдаг. Харин муу удирдагчид эсрэгээр нийгмийг талцан хувааж бутаргах замаар нэгнийг нь нөгөөгийн дайсан болгон хувиргадаг.
Бизнес эрхлэгч, энтрепренер хүмүүсийн хувьд нийгмийн бүлгүүд хооронд итгэлцэл үүсгэх, хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, олон уургальч үзлийг өдөөх, байгууллагаа үр бүтээмжтэй удирдах стратеги нь юу байх ёстой вэ?
Дундын зорилго, хамтын үнэ зүйлээ тодорхойлохоос эхлэнэ. Ингэж чадвал хүн бүрийг оролцуулсан, эерэг харилцааг баг, бүлэг дотор үүсгэн, хамтын амжилтыг өдөөдөг. Улмаар тухайн бүлгийн удирдагч ганцаарчилсан тоглолт хийж, амжилтын цорын ганц эзэн бололгүй баг хамт олныхоо нэг хэсэг нь байж дундаа үлдсэнээр бүлгийн бусад гишүүдэд үлгэр дууриал, урам зориг өгдөг манлайлагч болон хувирдаг.
Бизнес эрхлэгчид нийгмийн сэтгэл зүйг судлан харилцагчаа улам гүнзгий ойлгож, бизнесийн үйл ажиллагаандаа хэрхэн үр дүнтэй ашиглах боломжтой вэ?
Үүнийг мэдэхийн тулд манай номыг уншаарай гэж зөвлөмөөр байна. Номоо уншаад ойлгосон зүйлээ баг, хамт олонтойгоор ярилцах замаар бизнес дээрээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Иймээс бүх байгууллагуудыг номын клубтэй болохыг уриалж байна. Энэ клуб дээрээ долоо хоног эсвэл сардаа нэг цугларч номоо бүлэг бүлгээр нь нэг цагийн дотор хэлэлцэн ярилцаж, ямар хэсгийг нь байгууллага, бизнес болон амьдрал дээрээ туршиж болохыг шийдэн ажиллавал сонирхолтой бас бодитой үр дүнд хүрэх болно шүү.
Хувь хүний санаачилга, идэвх болон багийн тоглолтын зөв , алтан харьцааг барих шалгарсан технологи гэж бий юу?
Хувь хүний санаа санаачилга, идэвхи, үр дүн, шилдэг туршлагыг үнэлж, хүлээн зөвшөөрөх маш чухал. Гэхдээ энэ нь багийн амжилтын үр дүнд хэрхэн эерэгээр, даацтай, бодитой нөлөөлснийг хэмжин шагнаж урамшуулах нь чухал. Харамсалтай нь олон байгууллага үүнийг эсрэгээр нь хийж, багийн амжилтыг тарамдуулан хувийн тоглолт хийж байгаа хүмүүсийг шагнан урамшуулдаг. Ингэснээр тухайн байгууллага, бүлэг хүмүүсийн амжилт бүдгэрч, дампуурч, салж сарнидаг. Бүлгийн гишүүдийг зөвөөр сэдэлжүүлэх ёстой бөгөөд багийн амжилт, үр дүнг шагнал урамшууллын системтэй зөв холбож чадсан шударга нөхцөлд ямар ч хүн багийн сайн гишүүн, сайн удирдагч болж чаддаг. Гэхдээ энэ зорилго нь аль нэг хүвь хүний зорилго, эсвэл хэн нэгний ганцаарчилсан амжилтын зорилт байж болохгүй.
Таны хийж байгаа судалгаануудын үр дүнг нийгмийн амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Нийгмийн харилцааг цул болгохын тулд өгөх таны зөвлөгөө юу вэ? Энэ тохиолдолд том ба жижиг үндэстний хооронд ялгаа гарах уу?
Нийгмийн танигдахуйн талаар хийж буй биднийг судалгааг ямар ч улс, ямар ч байгууллага өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглах боломжтой. Бүлэг, байгууллага, улс үндэстнүүдийн удирдагчдыг би эрүүл бөгөөд хүчтэй, нээлттэй, зөв, олон уургальч үзлийг дэмжсэн цул нийгэм байгуулаасай гэж уриалж байна. Үүний тулд бүлэг, нийгмийнхээ гишүүдийн дуу хоолойг сонсож, үзэл бодлыг нь хүндэтгэдэг байх ёстой юм. Бүлгийн гишүүдийнхээ үнэт зүйлийг олж мэдсэнээр та тэднийг нэгэн зорилго руу чиглүүлэх боломжтой.
Үндэстний ижилсэл гэж юу вэ? Тэр нь АНУ болон Монгол Улсын хувьд юу гэж та бодож байна?
Улс үндэстэн болгон өөрийн гэсэн түүх, соёл, хүсэл мөрөөдөл бүхий үндэстний онцлогтой байдаг. Гэхдээ нийгэм, бүлгийн гишүүд юуг эрхэмлэдэг тухайгаа хэлэлцэн мэтгэлцэж, шинэ уламжлал, шинэ дадал зуршлыг бий болгохын хэрээр тухайн улсын үндэстний ижилсэл хүчирхэгжин шинэчлэгдэж хөгжин батжиж байдаг. Америк болон Монгол улсуудын хувьд аль алинд нь бусдаас тэс ялгаатай, хатуу тогтсон эсвэл тогтоосон үндэстний ижилслийн элемент байдаг гэж би бодохгүй байна. Хамгийн чухал зүйл юу вэ гэвэл иргэд нь улсаа хайрлан хүндэтгэдэг, эх орныхоо төлөө хувь хүнээсээ ямар ч золиос гаргахаас буцахгүй үнэ цэнийг бүтээх юм. Иймээс улс орны удирдагчид хувь хүний зорилго, хамтын хүчийг нийлүүлэн ард иргэдийнхээ сайн сайхны төлөө чиглүүлэх учиртай.
Хүн ухаалаг ”амьтан” мөн үү?
Алдарт филосифич Аристотел хэдэн мянган жилийн өмнө “Хүн бол нийгмийн амьтан” гэж хэлсэн. Бид ухаалаг амьтад биш! Бид бүлгийнхээ бусад хүмүүс юуг зөв эсвэл буруу гэж үздэг, хамт олон маань юуг үнэн эсвэл худал гэж тодорхойлохыг харж шийдвэр гаргаж, тэдний дууриан үгэнд нь орж явдаг. Бидний эргэн тойронд буй бүлэг, нийгмийн гишүүд та бидний итгэл үнэмшлийг тодорхойлдог гэсэн үг. Бид дэлхий бөөрөнхий гэдэгт итгэдэг. Учир нь дэлхийг огторгуйгаас харсан сансрын нисгэгч, мэргэжлийн хүмүүст бид итгэдэг. Гэхдээ бидний хэн нь ч өөрсдөө сансарт аялж, дэлхийг гаднаас нь бөөрөнхий гэж хараагүй байгаа шүү дээ. Яг үүнтэй адилхан бидний итгэл үнэмшил бүлгийн үзэл бодол, нийгмийн үнэт зүйлтэй ингэж холбогддог. Ийм учраас ухаалаг, зөв, амжилттай яваа бүлгийн нэг гишүүн нь болж, тэднээр хүлээн зөвшөөрүүлэх нь та бидний амжилтанд хүрэхийн тулд хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг юм шүү.