Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар хуульчилсан.
Энэ дагуу зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулжээ.
Аравдугаар сарын 15-наас такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч үйлчилгээ эрхэлдэг болно. Түүнчлэн Зөрчлийн, Автотээврийн, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт орсон.
Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар зүйлд
- 30.4. Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөн Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд
-
29.1.14. Орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3,000,000-10,000,000 төгрөг.
Уг зохицуулалтад "UB Cab", "Aba Mongolia" зэрэг аппликэйшнээр үйлчилгээ авсан тохиолдолд хамрагдахгүй. УИХ-ын тогтоол гаргахдаа "Цахим платформоор үйлчилгээ үзүүлж байвал үүнд хамаарахгүй" гэх заалт нэмж оруулсан байна.
Учир нь тус платформоор үйлчилгээ авсан иргэдийн дунд гэмт хэргийн шинжтэй зөрчил илрэх нь бага байдаг. Жолооч бүртгэхдээ өмнө нь хэрэгт холбогдсон түүхгүй, торгуулийн хэмжээ хэт өндөр эсэхийг нягталдаг байна.