Ерөнийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтэн зохиолчдыг урамшуулах зорилгоор “Мэргэн ном” шагналыг 2019 оноос хойш жил бүр гардуулдаг болсон билээ.
Энэ жилийн намрын "Номын баяр"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээн дор намрын “Номын баяр”-ыг зохион байгуулсан бол өнөөдөр “Мэргэн ном” цомын эзнийг тодруулж, шагнал гардууллаа. Төрийн ордны Их танхимд болсон шагнал гардуулах ёслолын үеэр Г.Занданшатар дарга “Уншдаг, судалдаг ард түмэн урагшлан хөгжиж дэвшдэг. Хүн бүр өдөрт таваас доошгүй хуудас уншдаг больё хэмээн уриалгыг дэвшүүлсэн. Өдөр болгон хүн бүр уншицгаая” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Бид жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногт номын баяраа зохион байгуулдаг уламжлалтай болсон. Ном бол та бүхнийг загнахгүй, зэмлэхгүй зодохгүй. Харин асар их мэдлэг, мэдээлэл өгнө. Дандаа сайн сайхныг өгдөг сайн нөхөр юм шүү гэдгийг онцлоод “Номын сайн нөхөр” аяныг өрнүүлж байна. Цаашлаад “Номын сайн нөхөр”-ийн тэмдэг, батламж гардуулдаг болох юм. Ингэснээр бусдыг уриалж чадвал улс орон хөгжин, дэвжинэ. Яагаад гэвэл та бүхний бодол оюунд Монгол Улсын маргаашийн ирээдүй зураастай, хөгжөөстэй байгаа. Тиймээс номын сайн нөхөр болж, жил бүр баяртаа сайн дураараа оролцдог хүүхдүүддээ талархал илэрхийлье” гэв.
Өнгөрсөн жил энэхүү цомыг Төрийн соёрхолт, соёл судлаач “Тасам”-ын Ц.Санчир гардаж байсан бол 2024 оны “Мэргэн ном” цомын эзнээр Хөдөлмөрийн баатар Ч.Галсан тодорлоо. Шагналаа гардсаны дараа тэр ярихдаа “Маш их баярлалаа. Ёстой санаанд оромгүй үйл явдал боллоо. Би ийм хүндтэй шагнал авна гэж бодож явсангүй. Над руу утсаар ярихдаа “Ийм хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Та хүрэлцэн ирж оролцоорой” гэсэн. Тэгээд л ирлээ. Гэтэл ийм шагнал өгч байна. Сэтгэл их хөдөллөө” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний 1988 онд бичсэн “Хөх тэнгэр сонсож бай” роман энэ онд эх хэлээрээ хэвлэгдэж, уншигчдын талархлыг хүлээсэн юм. Анх герман хэлээр 1988 онд бичиж, 1997 онд “Der blaue Himmel” нэрээр хэвлэгдсэн “Хөх тэнгэр сонсож бай” романы тухай “Шпийгель” сэтгүүлд “Үнэр ялдам, өнгө хурц, үйл явдлаар халгим цалгим байна. Хэн нэгэн ид шидтэн холын холоос Германы орчин үеийн утга зохиол руу цоо шинэ салхи илгээсэн мэт эрч хүчтэй мэдрэмж төрүүлж байна” хэмээн бичсэн байдаг. Энэ роман зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн бүтээл юм. Тухайлбал, герман хэлээр “Der Blaue Himmel” нэрээр 20 гаруй удаа, англиар “The Blue Sky”, испаниар “Сielo azul”, францаар “Ciel Bleu”, баскаар “Zeru urdina”, нидерландаар “De blauwe hemel”, даниар “Den blae Hemmel”, италиар “Il cielo azzurro”, солонгосоор “Цэнхэр тэнгэр” зэрэг нэрээр тус тус хэвлэгджээ.
Үүнээс гадна номын нүүр хуудаст шинэ технологи нэвтрүүлсэн “Аргун Холдинг” хэвлэлийн газарт “Номын ертөнцийн гавьяатан”-аар тодруулсан бол номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Номын жор” клубыг “Мэргэн уншигч”-аар тодруулж, батламж гардуулсан юм. Үүнээс гадна “Дэм авьяастан” сургалтын төвийн төгөлдөрийн хуурын багш, Монгол Улсын гавьяат багш Д.Наранцацрал болон түүний шавь нар, мөн “Номын ертөнц” клубын сурагчдад бэлэг, дурсгалын зүйл гардуулав.