Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 6 хувьд хүрнэ гэсэн таамаглал хэвээр байгааг Азийн хөгжлийн банк энэ оны есдүгээр сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа онцолжээ.
Эдийн засгийн өсөлт энэ онд 4.1 хувиар өснө гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард таамаглаж байсан нь 5.5 хувиар болж нэмэгджээ. Эдийн засгийн өсөлтийг үйлчилгээ, аж үйлдвэр, тэр дундаа уул уурхайн салбарын өсөлт дэмжих төлөвтэй байна гэв.
Мөн хөдөө аж ахуйн салбар энэ оны эхний улиралд огцом унаснаасаа сэргэж, төсвийн зардал нэмэгдсэнээр ирэх онд эдийн засгийн идэвхжил нэмэгдэх төлөвтэй байгааг АХБ-ны ахлах эдийн засагч Мариа Карина Тинио сэтгүүлчдэд танилцууллаа. Тэр энэ тухай “Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь уул уурхайн олборлолт төсөөлснөөс хурдан нэмэгдсэнтэй холбоотой өндөр байна. Уул уурхайн салбарыг дагаад, тухайлбал нүүрсний экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 37.6 хувиар өслөө. Энэ нь төсвийн орлого нэмэгдэж, үйлчилгээний салбарууд, тэр дундаа ачаа тээврийн салбарын өсөлтөд нөлөөлсөн. Мөн инфляцын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дотоодын эрэлт өссөн нь эдийн засгийн өсөлтийг дэмжлээ” гэсэн байна.
Инфляцын түвшин мэдэгдэхүйц багасаж, төв банкны зорилтот түвшинд багтаж байгааг мөн тайланд дурдсан байна. Хэрэглээний үнэ энэ онд 6.8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь дөрөвдүгээр сарын таамаглалаас бага зэрэг доогуур байна. Харин ирэх онд инфляц өмнө төсөөлж байснаас нэмэгдэж, 7.2 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь дотоодын эрэлт болон төсвийн зардал нэмэгдсэн зэргээс шалтгаалжээ. Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд нь БНХАУ руу экспортлох түүхий эдийн экспортын эрэлт багасах, Оюутолгойн олборлолт саарах, геополитикийн хурцадмал байдал, цаг уурын нөлөөллөөс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ буурах, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах зэргийг дурдсан байна.
“Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагаст өсөж байгаа нь сайн мэдээ юм. Ирээдүйд тохиож болзошгүй цочролоос хамгаалах нөөц бий болгох, цаашлаад өргөн цаар хүрээтэй, төрөлжсөн эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалт хийхэд энэ өсөлтийн мөчлөгийг чиглүүлэх нь чухал”-ыг АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин тэмдэглэлээ.