Улаанбаатар хот 2013-2023 он хүртэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлэхэд 640 өрх хохирсон байдаг. Эдгээр иргэдийн асуудлыг шийдэхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгон, өнгөрсөн 4 дүгээр сард 24 өрхийн асуудлыг шийдэж, орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн юм.
Тэгвэл Хан-Уул дүүргийн Яармаг орчимд 11.5 болон 46.1 га газарт дахин төлөвлөлт хийхээр 4-9 жилийн өмнө газар чөлөөлсөн ч төсөл хэрэгжээгүйн улмаас 26 айл хохирчээ. Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Хан-Уул дүүргийн 26 айл өрх сүүлийн 4-9 жилд түрээсийн байр, хажуу өрөөнд амьдарч байсан. Үүнийг шийдэхээр хотын дарга Яармаг орчим “А”, “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх, гэрээ байгуулах эрх, төсөлд шаардагдах түр суурьшуулах зардал, холбогдох хөрөнгийн эх үүсвэр, төсөв тооцоог гаргаахыг НОСК-д даалгасан. Тэгвэл газраа чөлөөлж, хохирсон хоёр байршлын 26 нэгж талбарын айл өрхийн асуудлыг шийдсэн”-ийг хохирсон иргэдтэй уулзах үеэрээ танилцууллаа.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Дээрх 26 өрх 2014, 2020 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Тус байршилд хоёр төсөл хэрэгжих байсан ч компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжээгүй тул иргэд 4-9 жилийн турш хохирлоо. Бид удаа дараа тухайн иргэдтэй уулзаж, асуудлыг шийдэхээр ажил хэрэг болгож, ийнхүү НОСК-д шилжүүлэн, энэ онд багтааж хохирлыг барагдуулах, орон сууц эзэмшүүлэх эрхийг олгох талаар санал солилцсоныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.