Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн "Дагналтай" гэдэг газар тус сумын харьяат иргэн Н нь дөрвөн хүний хамт самар түүж яваад энэ сарын 22-ны 18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 23-ны 09:00 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн 54 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн "Дагналтай" гэдэг газраас "Чигчрээний даваа" гэдэг газар хүртэл найман км замыг мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид "Дагналтай" гэдэг газрын чиглэлд өнөөдөр 06:00 цагаас үргэлжлүүлэн эрэн хайж байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар