Нийслэлд хийж буй замын засвар, арчлалт, шинэчлэлтийн талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр дараах мэдээлэл хийлээ.
Б.Одбаяр:
-Улаанбаатар хотын хэмжээнд авто замын засвар шинэчлэлийг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учруулахгүй байх зорилгоор амралтын өдрийг тааруулан ихэвчлэн шөнийн цагаар хийсэн. Гэвч агаарын хэм хасах (-) градус руу орсноос авто замыг шинэчлэх ажлыг шөнийн цагаар хийх боломжгүй болсон тул ажлын өдрүүдэд ч гүйцэтгэх шаардлага тулгарч байна.
Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 22-ны 23.00 цагаас есдүгээр сарын 26-ний 06.00 цаг хүртэл хааж шинэчлэхээр болсон. Авто зам хаах мэдээллийг ажил эхлэхээс 72 цагийн өмнө тогтмол Ulaanbaatar.mn вэб сайт болон фэйж хуудас, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байна.
Нийслэлийн хэмжээнд 87 байршилд авто зам засах ёстойгоос энэ удаагийнх нь Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил болж байна. Өнөөдөр орой 23.00 цагаас эхлэн Нийслэл хүрээний авто замыг И-март дэлгүүрийн уулзавараас тэмээтэй хөшөө хүртэл хойд чиглэлийг хаахаар төлөвлөөд байна.
Зам засварын ажилд технологийн хугацаа гэж байдаг. Агаарын температур шөнийн цагаар хасах (-) градус руу орж байгаа учраас асфальт хучилт хийхэд хүндрэлтэй болж байна. Тиймээс өдрийн цагаар энэ ажлыг хийх шаардлага үүссэн.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотын хэмжээнд зургаан асфальт бетон үзель ажиллаж байна. Нэг асфальт бетон үзель ойролцоогоор 1000-1500 тонн асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийслэлийн хэмжээнд нийт 41 ажил хэрэгжиж байна. Энэ тохиолдолд манай узель хүрэлцэхээргүй байгаа. Гуравдугаарт, дэвсэгч шаардлагатай байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд 15 дэвсэгч ажиллаж байна.
Гурван долоо хоног амралтын өдрүүдээр зам хаасан. Нэг амралтын өдөр авто зам хаахдаа 4-5 байршлыг хамруулж байгаа. 4-5 байршилд авто зам хаахаар ажлын өдрүүд рүү орохгүйгээр төлөвлөгөөт хугацаанд багтаан хийж амжихгүй болж байна. Узель дээр ажиллаж байгаа хүмүүс маань 48 цагаар нойргүй ажиллах нөхцөл ч үүсч байгаа учраас ажлын өдрүүдэд авто замыг хаахаас аргагүй болсон.
Энэ долоо хоногийн сүүлээс авто зам хааж, хийх шинэчлэлийн ажлын мэдээллийг өнөөдөр мөн Ulaanbaatar.mn вэб сайтад оруулсан. Аль хэсэгт авто зам хааж завсар шинэчлэлийн ажил хийх талаарх мэдээллийг долоо хоногоор оруулж байна. Иргэд маань хүлээцтэй хандах хэрэгтэй.
Бас нэг асуудал нь Маршалын гүүрэн дээрх асфальттай хучилтыг хуулаад байна гэх асуудал яригдах боллоо. Байнгын жин гэж байгаа, гүүрэнд тооцоо байдаг. Машин яваагүй үед ямаршуу хэмжээний жинтэй материал орох вэ, өөрийн нь жин хэд байх вэ гэдэг тооцоолол байдаг учраас хуучин асфальт дээр нэмээд хучилт хийж болохгүй. Тооцооллоо барихын тулд асфальт бетон хучилтын өнгө үеийг хуулж аваад асфальт бетон хучилтаа дахиад дэвсэж байна. Энхтайвны гүүрийг ч мөн адил их засварын үед ингэж хийж байсан.
Гүүрийн засварыг дээрх горимоор хийдэг учраас иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ бол зам эвдээд байгаа юм биш байгаа хучилтыг нь хуулаад шинэ хучилтаар сольж байгаа шинэчлэлийн ажил. Уг замыг есдүгээр сарын 26-нд нээнэ.
Нийслэлээс энэ жил 162.3 км зам буюу дөрвөөс зургаан эгнээ бүхий авто замыг шинэчилж байгаа. Эл шинэчлэлд гол гудамж замууд орсон учраас иргэдэд бухимдал төрүүлээд байгаа, ойлгож байна. Өнөө жил авто замаа шинэчлэхгүй бол ирэх жилүүдэд маш өндөр зардлаар зам засварын ажлыг хийх болж байгаа гэдгийг зөвөөр ойлгоорой” гэв.
Сэтгэгдэл (1)